Дэлхий

Орос “уламжлалт орос хоолны” улсын стандарт баталж, 132 хоолны жор оруулжээ

Оросын ресторануудын ердөө 1 хувь нь өөрсдийгөө орос хоолны газар гэж тодорхойлдог гэж сайд Антон Алиханов онцолжээ.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Оросын Стандартчиллын холбооны газар уламжлалт орос хоол бэлтгэх технологийн зөвлөмж бүхий улсын стандартыг баталж, 132 хоолны жор, хийх арга, тавьж үйлчлэх хувилбарыг тусгажээ.

Стандартыг Аж үйлдвэр, худалдааны яамны дэргэдэх ажлын хэсэг боловсруулсан бөгөөд уг ажлын хэсэгт албан тушаалтнуудаас гадна ресторанын салбарын төлөөлөгчид оролцжээ.

Сайд Антон Алихановын хэлснээр, энэ баримт бичиг “бүгдийг зохицуулах оролдлого биш, харин хэрэглэгчид жинхэнэ, өндөр чанарыг баталгаажуулах чиглүүлэг” юм.

“Өнөөдөр тус улсын ресторануудын ердөө 1 хувь нь өөрсдийгөө орос хоолны газар гэж тодорхойлдог. Үндсэндээ бид соёлын кодынхоо чухал хэсгийг алджээ” гэж сайд хэлэв.

Стандарт сайн дурын шинжтэй гэж ажлын хэсгийн гишүүн, Ресторан, зочид буудал эрхлэгчдийн холбооны тэргүүн Игорь Бухаров тайлбарлажээ.

Стандартын дагуу блин, винегрет, голубцы, будаа, колобок, орос маягийн цэнгэг усны хавч зэрэг 100 гаруй хоол бэлтгэж болно.

Тухайлбал, окрошка хэмээх хүйтэн шөлийг “тод исгэлэн амттай” талхны квасаар бэлтгэхийг санал болгосон бөгөөд кефир, исгэлэн сүүн бүтээгдэхүүнээр амтлахыг “зөвлөдөггүй” гэжээ.

Окрошкаг хүйтнээр буюу 14 хэмээс ихгүй температуртай тавьж, урьдчилан бэлтгэж хадгалахгүй байхыг зөвлөжээ.

Стандартын анхны хувилбар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох бөгөөд түүнийг тогтмол шинэчилж байхаар төлөвлөжээ.

Бусад мэдээ