РБК: Оросын Залуучуудын агентлагийн дэд даргыг “Синергия” их сургуулийн гэрээтэй холбоотой луйврын сэжигээр саатуулжээ
Мөрдөн шалгах ажиллагаа агентлагаас их сургуульд онлайн сургалт боловсруулуулахаар байгуулсан гэрээнүүдийг голлон хамарч байна.

Москвагийн эрх баригчид Оросын Залуучуудын асуудал эрхэлсэн холбооны агентлагийн дэд дарга Денис Ашировыг хувийн их сургуультай байгуулсан төрийн гэрээтэй холбоотой луйврын сэжигээр саатуулсныг РБК сайт гурван эх сурвалжид тулгуурлан Баасан гарагт мэдээлжээ.
РБК-гийн мэдээллээр, мөрдөн байцаалт нь агентлагаас 2023, 2024 онд “Синергия” их сургуультай байгуулсан нийт 40.5 сая рублийн (492 мянган ам.доллар) 2 гэрээнд төвлөрч байна.
2022 оны долдугаар сараас хойш агентлагийн төрийн нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж буй Аширов их хэмжээний луйврын хэрэгт буруутай нь тогтоогдвол 10 жил хүртэл хорих ял авч болзошгүй.
Мөрдөн байцаагчид Аширов гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, их сургуулийн ажлыг агентлагийн өмнөөс хүлээн авсан үүргийг нь шалгаж байгааг РБК мэдээлэв.
“Синергия” их сургууль залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан “нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх” цахим сургалтын хөтөлбөр боловсруулах хоёр гэрээг шалгаж байгааг баталжээ.
“Их сургууль хоёр гэрээний үүргээ бүрэн, тогтоосон хугацаанд нь биелүүлсэн. Ажлын үр дүн захиалагчийн шинжээчийн хяналтыг давж, хүлээн авагдсан бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгэлийн актад гарын үсэг зурсан” гэж их сургууль мэдэгдэлдээ дурджээ.
Хоёр гэрээг долоон байгууллага оролцсон нээлттэй тендерээр авсан бөгөөд монополийн эсрэг байгууллага ямар нэг зөрчил илрүүлээгүй гэж тус сургууль нэмж мэдэгджээ.
Баасан гарагт өмнө нь явуулсан нэгжлэгийн үеэр “Синергия”-гийн бүс нутгийн хөгжил хариуцсан дэд ректор Михаил Ерофеевийг саатуулсан гэж РБК болон төрийн хэвлэлүүд мэдээлсэн. Их сургууль ажилтнуудынхаа хэн нь ч яллагдагчаар татагдаагүй гэж мэдэгдсэн байна.

