Оросын Төрийн дума уул уурхайн компаниудын хэт ашгийн татварыг анхны хэлэлцүүлгээр батлав
Дэлхийн зах зээлийн таатай нөхцөлөөс олсон нэмэлт орлогод ногдох татвар алтны компаниудад бусдаас бага хувь хэмжээгээр ногдох юм.

Оросын Төрийн дума алт зэрэг ашигт малтмал олборлогч байгууллагуудын хэт ашгийн татварын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталжээ. Энэ тухай Ведомости сонин парламентын доод танхимын цахим хуудаст тулгуурлан мэдээлэв.
Төсөлд дэлхийн зах зээлийн таатай нөхцөлийн ачаар олборлогч компаниудын олсон нэмэлт орлогод татвар ногдуулахаар заажээ. Татварын орлогыг холбооны төсөвт төвлөрүүлэх юм.
Олборлосон ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх рублиэр илэрхийлсэн дундаж үнэ татварын хугацаанд 2025 оны түвшнээс дор хаяж 10 хувиар давбал үнийн өсөлтийг хэт ашиг гэж үзэх юм.
Татварын ерөнхий хувь хэмжээ 30 хувь байх бөгөөд алт олборлогч компаниудад 20 хувийн хөнгөлөлттэй хувь хэмжээ мөрдөнө.
Төрийн думын дарга Вячеслав Володин хуулийн төслийг депутатууд санал нэгтэй дэмжсэнийг онцолжээ.
Төрийн дума аравдугаар сарын 29-нд 2027 оны болон 2028-2029 оны төлөвлөлтийн үеийн холбооны төсвийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Санал хураалтад оролцсон 423 депутатын 372 нь дэмжиж, 51 нь түдгэлзсэн бөгөөд эсэргүүцсэн хүн гараагүй.
Төслийн дагуу 2027 онд холбооны төсвийн орлого 43.3 их наяд рубль, зарлага 48.7 их наяд рубль, алдагдал 5.4 их наяд рубль буюу ДНБ-ий 2.2 хувь болно.
2028 онд орлого 45.8 их наяд рубль, зарлага 51 их наяд рубль, 2029 онд орлого 48.6 их наяд рубль, зарлага 53.9 их наяд рубль байхаар тооцжээ. Хоёр жилийн аль алинд нь алдагдал ДНБ-ий 1.9 хувь байна.



