Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын хооронд цахим баримтаар ачаа тээвэрлэж эхэллээ
Нүүрс, бордоо, өргөн хэрэглээний барааг цаасгүй технологиор тээвэрлэх туршилтыг Гродеково-Суйфэньхэ боомтоор эхлүүлжээ.

Евразийн эдийн засгийн холбооны төслийн хүрээнд Орос, Хятадын хооронд цахим тээврийн баримтаар туршилтын ачаа тээвэрлэлт эхэлсэн гэж Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
“Мал эмнэлгийн цахим гэрчилгээнд бүрэн шилжихийн тулд энэ загварыг өргөжүүлэн нэвтрүүлэх, мөн ургамлын хорио цээрийн чиглэлээр улс орнуудынхаа эрх бүхий байгууллагуудын цахим системийг нэгтгэх үйл явцад түлхэц өгөхийг санал болгож байна” гэж Слепнев хэлжээ.
Слепневын хэлснээр, талууд 2025 онд хийсэн ажлын үр дүнд цаасгүй технологи бүхий цахим баримтаар тээвэрлэлт хийх боломжтой болжээ.
Нүүрс, бордоо, өргөн хэрэглээний бараа зэрэг эрэлттэй ачааны анхны тээвэрлэлт Гродеково-Суйфэньхэ боомтоор дамжин эхэлсэн байна. Сайд энэ тухай ЕАЭХ болон Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааны дараа мэдэгдсэнийг комиссын хэвлэлийн алба иш татжээ.
Слепнев мөн ЕАЭХ, Хятадын хоорондох ачаа тээвэрт мал эмнэлгийн цахим гэрчилгээ солилцох туршилт ахиц гаргаж байгааг онцолсон. Харилцан худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ихээхэн хувийг эзэлдэг тул энэ нь онцгой чухал аж.



