Оросын Төв банк хууль бусаар байгаа гадаадын иргэдтэй гүйлгээ хийхгүй байхыг банкуудад зөвлөв
Дотоод хэргийн яамны энэ бүртгэлд хууль ёсны үндэслэлгүй байгаа 820 мянга орчим гадаадын иргэн орсныг тус яам мэдээлсэн байна.

Хяналтад байгаа хүмүүсийн бүртгэлд орсон гадаадын иргэдтэй гүйлгээ хийхгүйн тулд банкууд дотоод үйл ажиллагаагаа тохируулахыг Оросын Төв банк зөвлөжээ.
Төв банк нэгдүгээр орлогч дарга Дмитрий Тулины гарын үсэгтэй мэдээллийн захидлаа цахим хуудсандаа нийтэлжээ.
Банкууд бүртгэлд орсон гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүстэй хуулиар хориглосон гүйлгээ хийсэн тохиолдол хяналт шалгалтын явцад илэрсэн гэж Төв банк мэдэгдэв.
Үүнд банкууд бүртгэлийн хуучирсан файл ашигласан нь нэг шалтгаан болжээ. Дотоод хэргийн яам бүртгэлийн шинэчилсэн файлыг өдөрт хэд хэдэн удаа гаргадаг гэж Төв банк онцолжээ.
Мөн банкны ажилтнууд харилцагчийн мэдээллийг буруу оруулсан, кирилл, латин үсгийн өөр өөр гар ашигласан, янз бүрийн аргаар галигласан нь шалтгаан болсон байна.
Төв банк банкуудад бүртгэлийн шинэ мэдээллийг автомат системдээ шуурхай оруулах, харилцагчийн мэдээллийг тулгахдаа кирилл, латин үсгийн ижил дүрстэй тэмдэгт болон галиглах янз бүрийн хувилбарыг харгалзахыг зөвлөжээ.
Хяналтад байгаа хүмүүсийн бүртгэл нь Оросын нутаг дэвсгэрт хууль ёсны үндэслэлгүй байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн мэдээллийг агуулсан Дотоод хэргийн яамны холбооны мэдээллийн сан юм. Бүртгэл 2025 оны хоёрдугаар сарын 5-нд ажиллаж эхэлсэн. Хуулиар банк бүртгэлд орсон хүнд данс нээж, мөнгөн гүйлгээ хийж болохгүй.
Дотоод хэргийн яамны мэдээллээр, одоогоор бүртгэлд 820 мянга орчим гадаадын иргэн орсон байна.

