Оросын засгийн газар үйлдвэрлэгчдийн дизель түлшний экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгав
Дотоодын түлшний зах зээлийг тогтвортой байлгах зорилготой шийдвэрийн дагуу дэлхийн зах зээлд тусгай үл хамаарах заалтаар нийлүүлэлт үргэлжлэх юм.

Оросын засгийн газар үйлдвэрлэгчид дизель түлш экспортлохыг түр хориглосон шийдвэрээ 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасныг засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
“Шууд үйлдвэрлэгчдийн Оросын нутгаас гаргах дизель болон усан онгоцны түлш, газойлын экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал сунгах тогтоолд гарын үсэг зурлаа. Шийдвэрийг дотоодын түлшний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор гаргасан” гэж мэдэгдэлд дурджээ.
Түлшний экспортын ерөнхий хориг Орост 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл үйлчилж байгаа бол шууд үйлдвэрлэгчдэд тавьсан хязгаарлалт 2026 оны аравдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байсан юм.
Шадар сайд Александр Новак өмнө нь хоригийг бараг гурван сараар сунгах бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх тусгай үл хамаарах заалт хэвээр үлдэнэ гэж хэлж байв. Түүний хэлснээр, арваннэгдүгээр сард энэ хэмжээ 2.15 сая орчим тонн байх бол аравдугаар сард 510 мянган тонн нийлүүлжээ.
Аравдугаар сарын 9-нд Путин, Трамп нар утсаар ярихдаа Оросын дизелийг АНУ болон олон улсын зах зээлд нийлүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа АНУ түр ерөнхий лиценз олгож, Орос аравдугаар сарын 10-наас хоригоо хэсэгчлэн цуцалсан юм.
Новакийн хэлснээр, дизель ачсан гурван танкер аравдугаар сарын 23-нд, дөрөв дэх нь аравдугаар сарын 28-нд АНУ-ын зүүн эрэг рүү хөдөлсөн бөгөөд гол хэмжээг Роснефтийн нөөцөөс нийлүүлж магадгүй аж.

