Дэлхий

Пакистаны Дэд ерөнхий сайд Исхак Дарын ач хүү зэрэг 8 хүнийг хүчингийн хэргээр ялласан

Цагдаа өмнө нь Дэд ерөнхий сайдын ач хүүг энэ хэрэгт буруугүй гэж үзэж, оронд нь түүний ажилтнуудыг буруутгаж байжээ.

The Hindu1 мин унших

Зураг: The Hindu

Пакистаны шүүх Дэд ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд Исхак Дарын ач хүү зэрэг 8 сэжигтнийг гадаадын хоёр эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн хэргээр ялласныг шүүхийн албан тушаалтан Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Хинду сонин мэдээлэв.

Лахор хотын шүүгч Рафакат Али Гондал Мягмар гарагт гэм буруугаа хүлээгээгүй сэжигтнүүдэд ял тулгаж, прокурорт 12 дугаар сарын 9-нд гэрчүүдээ танилцуулахыг даалгажээ. Бүх сэжигтэн цагдан хоригдож байгаа юм.

Гэтэл Пенжаб мужийн цагдаа өмнө нь Исхак Дарын ач хүү Раза Дар болон түүний 4 найзыг энэ хэрэгт буруугүй гэж үзэж, оронд нь түүний цалин багатай 3 ажилтныг хүчингийн хэргээр буруутгаж байжээ.

Нидерланд, Венесуэлийн иргэн хоёр эмэгтэйг энэ оны 6 дугаар сард бизнесийн айлчлалаар Лахорт ирэхэд нь Раза Дар, түүний 4 найз хулгайлж, хүчирхийлсэн гэж буруутгагдаж байна. Эмнэлгийн үзлэгээр эмэгтэйчүүд хүчиндүүлсэн нь батлагджээ.

Цагдаагийн тайланд дурдсанаар, эмэгтэйчүүд Раза Дартай 2025 онд Сингапурт танилцаж, криптовалютын бизнест хөрөнгө оруулахыг урьсан бөгөөд тэрбээр 500,000 гаруй ам.доллар оруулжээ. Ашгаа авч чадаагүй сэжигтэн тэднийг Пакистанд урьж, Лахор дахь байшинд хорьж мөнгө шаардсан бөгөөд эмэгтэйчүүд 19,500 ам.доллар шилжүүлэхэд хүрсэн гэнэ.

Цагдаагийн мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд тэднийг хутга, буу, шилний хэлтэрхийгээр заналхийлж байжээ. Эмэгтэйчүүд Лахорын нисэх онгоцны буудал руу хүргэгдэж явах замд машин осолд орсны дараа зугтаж чадсан бөгөөд мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцсан юм.

Бусад мэдээ