Пентагон Иран дахь сургуульд цохилт өгсний дараа хиймэл оюуны цэргийн программын төсвөө 8.4 дахин нэмэхийг хүсжээ
Пентагон автономит системээр байлдах тусдаа командлал байгуулахаар бэлтгэж байна.

Пентагон хиймэл оюун ухаанд суурилсан Мэйвен системийг ашигласнаас Иран дахь сургуульд эмгэнэлт цохилт өгсөн байж болзошгүй гэх хэргээс ердөө нэг сарын дараа цэргийн программ хангамжийн төсвөө 8.4 дахин нэмэхийг Конгрессоос хүссэнийг РИА Новости агентлаг төсвийн баримт бичигт үндэслэн мэдээлжээ.
Пентагон цэргийн удирдлагын программ хангамжийн хөтөлбөрт 2027 санхүүгийн жилд хоёр тэрбум гучин сая доллар хүссэн нь 2026 оны хоёр зуун дөчин сая гаруй доллараас хэд дахин их юм. Нэмэгдэл санхүүжилтийн дийлэнхийг цэргийнхэнд Мэйвен системийг өргөн ашиглуулахад зарцуулна.
Баримт бичигт уг системийг янз бүрийн эх сурвалжийн тагнуулын мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар командлагчдад нөхцөл байдлыг үнэлэх, ажиллагаа төлөвлөхөд тусалдаг үүлэн программ гэж тодорхойлжээ.
Вашингтон Пост сонины мэдээлснээр Иранд цохилт өгөхөөр бэлтгэх үед Мэйвен олон зуун боломжит байг санал болгож, байршлыг нь тодорхойлсон байна. Ажиллагааны эхний өдөр буюу 2 дугаар сарын 28-нд Ираны Минаб хотын бага сургуульд цохилт өгч, хотын прокурор Эбрахим Тахеригийн хэлснээр 120 сурагч зэрэг 156 хүн амь үрэгджээ.
Блүүмберг агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр эмгэнэлт явдлын нэг шалтгаан нь Америкийн цэргийнхэн Мэйвенд хэт итгэсэн явдал байжээ.
НҮБ-ын Иран дахь хараат бус олон улсын баримт тогтоох төлөөлөгчийн газар Америкийн цэргийнхэн сургуулийн тухай мэдээллийг шинэчлээгүй, барилга цэргийн байгууламж мөн эсэхийг шалгаагүй гэж дүгнэжээ. Төлөөлөгчийн газар уг цохилтыг дайны гэмт хэрэгт тооцож болно гэж үзсэн байна.



