Путин Илон Маскийг «жинхэнэ суут ухаантан» гэж нэрлэж, хиймэл дагуулын асуудлаар ойр холбоотой байгаагаа илчилжээ
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр Оросын хиймэл дагуулын интернэт төсөл болон Маскийн Старлинкийн хиймэл дагуулууд тойрог замд бие биедээ саад учруулахгүй байх нь чухал юм.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Илон Маскийг «жинхэнэ суут ухаантан» гэж нэрлэж, хоёулаа хиймэл дагуулын технологийн асуудлаар «ойр» холбоотой байгаагаа илчилжээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Путин Москвад болсон «Орос-Африк» дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл дагуулаар интернэт холболт олгодог Оросын «Рассвет» төслийн талаар ярихдаа ийнхүү хэлжээ. «Тэр бол суут ухаантан, жинхэнэ суут ухаантан. Бид Америкийн түншүүд, тэр дундаа ноён Масктай ойр холбоотой байдаг» гэж Путин хэлсэн байна.
Путины хэлснээр «Рассвет», Старлинкийн хиймэл дагуулууд тойрог замд бие биедээ саад учруулахгүйн тулд Орос Масктай холбоотой байх нь чухал аж. Спэйс Икс компани тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Компанийн мэдээллээр Старлинк 13 мянга орчим хиймэл дагуул хөөргөсөн бол хиймэл дагуул хянах онлайн хэрэгслийн мэдээллээр одоогоор тойрог замд «Рассвет»-ын хэдхэн арван хиймэл дагуул байна.
Путины энэ мэдэгдэл түүний Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш бараг таван жил болж байхад АНУ, Орос хоёр ойртож байгаа мэт харагдаж буй үед гарсан юм. Оросын цэргийг няцаахад Старлинкийн интернэтэд найдаж байсан Украины арми өнгөрсөн долоо хоногт гэнэт холболтын асуудалтай тулгарсан бөгөөд Маск үүнийг Спэйс Икс санаатайгаар хийснийг хүлээн зөвшөөрсөн юм.



