Камбожийн цагдаа, цэргүүд залилангийн хуарангуудыг харуулж байсан гэж Эмнести Интернэшнл буруутгажээ
Амьд үлдэгсэд харуулууд цахилгаан цохиур хэрэглэж, хүмүүсийг зодож байсан гэж хүний эрхийн байгууллагад ярьжээ.

Камбожийн цагдаа, цэргийн албан хаагчид олон мянган хүнийг онлайн залилан хийлгэхээр албадан ажиллуулж байсан хуарангуудад хувийн хамгаалалтын харуулаар ажиллаж байсан гэж Эмнести Интернэшнл байгууллагын тайланд дурджээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Тайланд дурдсанаар тэд хуарангуудад боолчлол, хүчингийн гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцооны хүрээнд хамгаалалтын компаниудад ажиллаж байсан бөгөөд зарим харуул хүмүүсийг хорьж байлгахын тулд цахилгаан цохиур хэрэглэж байжээ.
«Олон жилийн турш эдгээр аймшигт хуарангаас амьд гарсан хүмүүс дотор нь Камбожийн арми, цагдаагийн албан хаагчидтай тааралдсан тухайгаа ярьж байсан. Одоо болтол эдгээр мэдүүлгийг бие даан баталгаажуулах боломжгүй байсан» гэж Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Аньес Калламар хэлжээ.
Амьд үлдсэн 151 хүнтэй ярилцаж, 82 залилангийн хуаранд очиж, хэдэн арван харуулын компанийн дүрэмт хувцастай байгааг харуулсан сошиал сүлжээний бичлэгийг судалсны үндсэн дээр мөрдөн шалгагчид хууль бус үйл ажиллагааг улс төрийн холбоо бүхий хувийн хамгаалалтын таван компанитай холбож чаджээ.
Тайланд хамгийн өргөн сүлжээтэй нь Лиеп Сомнанг компани бөгөөд наймаан мужийн дор хаяж 15 хуарантай холбоотой гэжээ. Амьд үлдсэн 12 хүн тус компанийн харуул, дүрэмт хувцас, логог таньсан байна. Эмнести Интернэшнл компанийг зэвсэгт хүчний хурандаа Бан Сопхат хянадаг гэж үзэж байна. Бан Сопхат компанид ямар нэг өмчлөл, удирдах албан тушаал эзэлдгээ үгүйсгэж, зөвхөн зөвлөхөөр ажиллаж байсан гэжээ.
Байгууллага хуарангуудад идэвхтэй байсан цэрэг, цагдаагийн 20 гаруй албан хаагчийг тогтоожээ. Ийм залилангийн жилийн хохирол 100 тэрбум ам.доллар орчим гэж тооцоологдож байгаа нь бүс нутгийн хэд хэдэн орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж байгаа юм.
Камбож 2025 оны долдугаар сард залилангийн эсрэг түүхэн дэх хамгийн том ажиллагаа эхлүүлсэн. Дотоод хэргийн яамны хариу захидалд дурдсанаар 77 цагдааг сахилгын шийтгэл хүлээлгэж, цахилгаан цохиур хууль бусаар хэрэглэсэн хувийн хамгаалалтын зургаан харуулыг яллаж, гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан цэрэг, цагдаа, төрийн 17 албан хаагчийг саатуулжээ. Эрх баригчид 3477 сэжигтнийг шүүхэд шилжүүлсэн байна.



