Колл оф Дюти тоглоомд Сөүлийн хүн бөөгнөрлийн эмгэнэлт явдлын бодит бичлэгийг ашигласан нь шүүмжлэл дагуулжээ
Хохирогчдын ар гэрийнхэн тоглоомын эхэнд гардаг хэдэн секундын бичлэгийг хасахыг үйлдвэрлэгчээс шаарджээ.

Өмнөд Солонгост 2022 онд Сөүлд болсон хүн бөөгнөрлийн эмгэнэлт явдлын хохирогчдын ар гэрийнхэн Колл оф Дюти видео тоглоомын үйлдвэрлэгчдээс тоглоомын шинэ хувилбараас тэр шөнийн аймшигт бичлэгийг хасахыг шаарджээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Хэдхэн секундын бичлэгүүд Колл оф Дюти: Модерн Варфэйр 4 тоглоомын эхний хэсэгт гарч, Хойд Солонгосын зохиомол довтолгооны үеэр энгийн иргэд амь үрэгдэж буйг дүрсэлжээ. Нэг бичлэгт гудамжинд хэвтэж буй хохирогчид зүрхний иж бүрэн сэхээн амьдруулах арга хэмжээ хийж буй хүн харагдах бол нөгөөд нь зам дээр эгнүүлэн тавьсан цогцосууд харагдана.
Сөүлийн шөнийн амьдралын төв Итэвоны нарийн гудамжинд 2022 оны Хэллоуины амралтын өдрүүдэд 158 хүн амь үрэгдсэн бөгөөд хожим гамшгаас үүдэлтэй сэтгэл зүйн гэмтлээр нас барсан хоёр хүнийг мөн хохирогчид тооцжээ.
«Тоо томшгүй олон иргэн бие биенээ аврахын тулд зүрхний иж бүрэн сэхээн амьдруулах арга хэмжээ хийж, хохирогчид хүйтэн гудамжинд хэвтэж байсан эмх замбараагүй, цөхрөнгөө барсан дүр зургийг яг хэвээр нь тоглоомын нэг хэсэг болгон ашигласанд бид цочирдож байна» гэж хохирогчдын ар гэрийнхний зөвлөл, иргэний нийгмийн бүлгүүдийн эвсэл лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Тоглоомын нийтлэгч Активижн компани Ёнхап агентлагт ярихдаа тоглоомын эхний кинон хэсэгт багтсан зарим бодит мэдээний бичлэгийг зохиомол түүхийг илэрхийлэх элемент болгон ашигласан гэж тайлбарлажээ. Компани Итэвоны эмгэнэлт явдал зэрэг бодит эмгэнэлт үйл явдлыг дурдах, хөнгөмсөг хандах ямар ч санаа байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Энэ шаардлага пүрэв гарагт эмгэнэлт явдлын дөрвөн жилийн ой тохиож буй үед гарсан юм. Солонгосын тоглоомын хэрэглэгчдийн холбоо уучлалт гуйж, бичлэгийг солихыг шаардсан байна.
Тоглоом Өмнөд Солонгосын тэнгисийн явган цэргийн байлдагч танил солонгос гудамжаар Хойд Солонгосын довтолгооны эсрэг тулалдах тухай өгүүлдэг. Консерватив улс төрчид Хойд Солонгостой эвлэрэх бодлого баримталж буй Ерөнхийлөгч И Жэ Мёнийг Пхеньяны аюулыг ойлгохын тулд энэ тоглоомыг тоглохыг уриалж байжээ. Тоглоом гарснаас хойш хэдхэн хоногийн дотор Өмнөд Солонгосын борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн байна.



