Путин Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаитай уулзжээ
Талууд Персийн булан болон Ойрхи Дорнодын нөхцөл байдалд онцгой анхаарсан байна.

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи 11 дүгээр сарын 5-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Исламын бүгд найрамдах улсын дээд удирдагч Можтаба Хаменеигийн захиасыг уламжилсныг Кремлийг иш татан Ведомости сонин мэдээлжээ.
Кремлийн мэдээлснээр талууд Орос, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцжээ. Мөн олон улсын болон бүс нутгийн асуудлыг хөндсөн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Резаи Москвад ажлын айлчлал хийж байна.
Ираны Фарс агентлагийн мэдээлснээр Путин, Резаи хоёр 11 дүгээр сарын 2-нд утсаар ярьж, хоёр орны удирдлагын тохиролцсон замын зураглалын дагуу стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ баталж байжээ. Путин 10 дугаар сарын сүүлээр Хий экспортлогч орнуудын форумын найм дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзсан юм.



