НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Путин, Трамп хоёрын сайн харилцаа чухал гэж мэдэгджээ
Москва, Вашингтоны удирдагчдын шууд яриа хэлэлцээг Рютте чухалчилж байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрын хооронд сайн харилцаа байх нь олон улсын аюулгүй байдалд чухал гэж Нидерландын телевизийн нэвтрүүлэгт мэдэгдсэнийг Ведомости сонин мэдээлжээ.
Түүний хэлснээр дэлхийн хамгийн том хоёр цөмийн гүрний удирдагчдын шууд яриа хэлэлцээ цөмийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй үл ойлголцлыг шуурхай шийдвэрлэх боломж олгодог.
Рютте 1970-аад оны Брежнев, Никсон хоёрын жишээг дурдаж, хоёр гүрний удирдагчид сайн харилцаа тогтоохыг эрмэлзэх нь чухал гэжээ.
Оросын Ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев 11 дүгээр сарын 5-нд Путин Украины асуудлыг зохицуулах Трампын хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг мэдэгдсэн юм. Орос, АНУ дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй хоёр улс юм.


