Путин Кремльд АНУ-ын элч Уиткофф, Кушнер нартай уулзаж эхэллээ
Америкийн хэлэлцээчид Украины асуудлаарх Абу-Даби дахь гурван талт яриа хэлэлцээний дараа Москвад иржээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай Кремльд уулзаж эхэллээ.
Уулзалтад Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Владимир Мединский, мөн гадаад орнуудтай хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Путины тусгай төлөөлөгч, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев оролцож байна.
Америкийн хэлэлцээчид Абу-Дабигаас Москвад ирсэн бөгөөд тэд Абу-Дабид Украины асуудлыг зохицуулах талаар ОХУ, АНУ, Украйн оролцсон гурван талт уулзалтад АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцсон юм. Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж, хэвлэлд хаалттай явагдав.
Кушнер Уиткоффын хамт Москвад очиж, пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, болсон хэлэлцээний талаар ярилцаж, “бусад хэд хэдэн асуудлаар илүү ахиц гаргахыг хичээнэ” гэж мэдэгдсэн байна. Хоёр хэлэлцээч Москвагаас Дублин руу нисэж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ.
Америкийн хэлэлцээчид Москвад Путинтэй “Украйн болон Европын орнуудтай нягт зохицуулан тохирсон мөргөлдөөнийг зохицуулах санал”-ыг ярилцана гэж хүлээгдэж байна.
Абу-Дабид аюулгүй байдлын баталгааны асуудлаар тодорхой ахиц гарсан гэж Кушнер мэдэгджээ. Түүний хэлснээр, одоо мөргөлдөөнөөс сэргийлэх механизм, гал зогсоолтын хяналт, мөргөлдөөний дараа хурцадмал байдлыг намжаах томоохон хэлэлцээрийн тухай ярих ёстой. Харин газар нутгийн асуудлыг тэрбээр хамгийн хэцүү гэж нэрлэв.
Европын талыг Украины асуудлаарх хэлэлцээнд оролцуулах эсэхийг тохиролцох хэрэгтэй гэж Кушнер үзэж байгаа бөгөөд Америкийн элч нар үүнийг ч Москвад ярилцахаар зорьж байна. Европчууд Абу-Дабид байсан ч хэлэлцээнд шууд оролцоогүй, зөвхөн Украйн, АНУ-тай тусдаа яриа өрнүүлжээ.
“Бидний зорилго бол үүнийг олон талт хэлбэр болгох” гэж Кушнер хэлэв. “Европчууд хэлэлцээний ширээнд суух хэрэгтэй” гэж тэр нэмсэн байна.
Одоогийн хэлэлцээ гурван талт хэлбэрээр явагдах ёстой гэж Оросын тал өмнө нь онцолж байсан ч ирээдүйд европчуудыг оролцуулахыг үгүйсгээгүй. Абу-Даби дахь хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахалсан Мединский европчуудаас нэг ч энхийн санаачилга ирээгүй, гэхдээ тодорхой санал ирвэл Орос авч үзэхэд бэлэн гэж хэлж байжээ.
Уиткофф Орост арав дахь удаагаа айлчилж байна. Тэрбээр Путинтэй хамгийн сүүлд аравдугаар сарын 21-нд Санкт-Петербург дахь Константиновын ордонд гурван цаг орчим уулзсан. Тэр үед Кушнер өвчний улмаас биечлэн оролцож чадаагүй ч видео холбоогоор санал бодлоо илэрхийлсэн гэж Ушаков тэр үед мэдэгдэж байв.
Ушаков хэлэхдээ, тэр уулзалтын дараа Орос-АНУ-Украйн гэсэн гурван талт хэлэлцээг сэргээхэд Оросын тал бэлэн байгааг Путин Уиткоффт мэдэгдсэн гэж байсан. Талууд Ойрх Дорнод болон Ираны нөхцөл байдлын талаар санал солилцож, АНУ-ын иргэн Стивен Хаббардыг суллах тухай зарласан юм.



