Росатом Бушер АЦС дахь мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлж байна
Корпорацийн тэргүүн Лихачев Ирантай холбоотой эрсдэлийг нягт ажиглаж, ажилчдаа хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Оросын Росатом корпораци Ираны Бушер атомын цахилгаан станц дахь мэргэжилтнүүдийнхээ тоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаа ч өчүүхэн аюул гарвал тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүх арга хэмжээ авна гэж тус корпорацийн тэргүүн Алексей Лихачев Интерфакс агентлагт мэдэгджээ.
Тэрбээр Трампын засаг захиргаа Израилийн шахалтаар Пикакс уулыг цөмийн зэвсгээр цохих хувилбарыг авч үзэж магадгүй гэсэн Америкийн хэвлэлийн мэдээллийн талаар ингэж хариулсан юм. Ираны цөмийн хөтөлбөрийн байгууламж тэр ууланд байрладаг гэх мэдээлэл бий.
«Бид Исламын Бүгд Найрамдах Улсын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна» гэж Лихачев хэлэв. Тус корпораци төрийн хүчний байгууллагуудтай идэвхтэй харилцаж, болзошгүй эрсдэлийг үнэлж буй ажээ.
Лихачевын хэлснээр Бушерт буцаж ирсэн Оросын мэргэжилтнүүдийн тоо 177 болно.
Тухайн өдөр дахин 17 ажилтан очсоноор шинэ эрчим хүчний блок барих ажилд оролцогчдын тоо 146 хүрнэ. Өөр 31 хүн Ираны хамтрагчдад төлөвлөгөөт засвар хийхэд тусалж байна.
Лихачев станцын нөхцөл байдлын талаар Оросын ерөнхийлөгчид тогтмол илтгэдэг гэдгээ мөн хэлжээ.
Росатомын тэргүүн өнгөрсөн мягмар гаригт Бушер дахь Оросын мэргэжилтнүүдийн тоог 700 хүртэл нэмэгдүүлэх зорилгоо зарласан.

