Дэлхий

Шинжээч: Хойд тэнгисийн замаар 2027 онд найм-арван сая тонн ачаа дамжин өнгөрч магадгүй

Шинжээчийн үзэж буйгаар Хятад, Энэтхэг энэ замыг юуны түрүүнд тогтвортой сонирхсоор байх аж.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

Хойд тэнгисийн замаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ Азийн ачаа илгээгчдийн эрэлт хадгалагдвал ирээдүйд буюу 2027 онд найм-арван сая тонн хүрч магадгүй гэж Александр Воротников арваннэгдүгээр сарын 14-нд хэлжээ. Тэрбээр Арктикийг хөгжүүлэх төслийн албаны шинжээчдийн зөвлөлийн зохицуулагч юм.

Арваннэгдүгээр сарын эхний байдлаар Хойд тэнгисийн замаар зургаан сая тонн ачаа дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их гэж Оросын Алс Дорнодыг хөгжүүлэх сайд Алексей Чекунков Лхагва гарагт мэдэгджээ.

“Росатом 2026 оны эцэст энэ үзүүлэлт долоон сая тонноос давна гэж хүлээж байна. Миний бодлоор Азийн ачаа илгээгчдийн эрэлт хадгалагдвал 2027 онд найм-арван сая тонн бол бодитой зорилт. Ялангуяа чингэлэг тээврийн өсөлт тод харагдаж байна: дамжин өнгөрөх чингэлэгт хөлгийн рейсийн тоо 2026 онд хоёр дахин өсөж, 46-д хүрэх төлөвтэй” гэж шинжээч хэлэв.

Шинжээчийн хэлснээр Хойд тэнгисийн замыг юуны түрүүнд Хятад, Энэтхэг тогтвортой сонирхсоор байх аж. Хятадын хувьд энэ нь Европ руу ачаа хүргэлтийг түргэтгэж, өмнөд чиглэлийн замаас хараат байдлаа багасгах боломж, харин Энэтхэгийн хувьд тээврийн холбоо, эрчим хүчний нийлүүлэлтээ төрөлжүүлэх боломж юм.

Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази болон Ойрх Дорнодын орнууд, ялангуяа Арабын Нэгдсэн Эмират улсын сонирхол ч нэмэгдэж байгааг тэрбээр онцолжээ.

Цаашдын өсөлт мөсөн зэрэглэлийн хөлөг онгоц хангалттай байх эсэх, мөс зүсэгч хөлгийн дагалт, тариф, даатгал, боомтын дэд бүтцийн бэлэн байдал болон геополитикийн нөхцөл байдлаас хамаарна гэж Воротников тэмдэглэжээ.

Бусад мэдээ