Швейцарийн Гадаад хэргийн сайд 2003 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчилжээ
Швейцарь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээг дэмжих бэлэн байгаагаа илэрхийлэв.

Швейцарь Хойд Солонгос дахь дипломат төлөөлөгчийн газраа албан ёсоор дахин нээж, Гадаад хэргийн сайд Иньяцио Кассис 2003 оноос хойш тус улсад айлчилсан Швейцарийн анхны Гадаад хэргийн сайд болсон гэж Евроньюс мэдээлжээ.
Кассис аравдугаар сарын 29, 30-нд Пхеньянд айлчилж, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, Ажилчны намын Төв хорооны нарийн бичгийн дарга Жо Ён Вон нартай уулзсан байна.
Төлөөлөгчийн газар аравдугаар сарын 19-нд ажиллагаагаа сэргээсэн бөгөөд Бээжин дэх Швейцарийн Элчин сайдын яамны харьяанд ажиллана. Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хариуцдаг байсан өмнөх газар Ковид-19 цар тахлын үеэр 2020 онд хаагдсан юм.
Хоёр орон 1974 оноос дипломат харилцаатай ч улс төрийн тогтмол зөвлөлдөөн 2019 оноос хойш зогссон байна.
Кассис аравдугаар сарын 30, 31-нд Сөүлд очиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лактай уулзжээ. Хойд Солонгос пүрэв гарагт богино тусгалын 10 орчим баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдээлсэн байна.
Швейцарь 1953 оноос хойш Солонгосын дайныг зогсоосон зэвсэгт хүчний гэрээний хэрэгжилтийг Панмунжом дахь төвийг сахисан орнуудын хяналтын комиссоор дамжуулан хянахад оролцож ирсэн юм.



