Сибирьт криптовалютын олборлолтын фермийн тоо 18 хувиар өсжээ
Майнингийг хэсэгчлэн хориглосон ч Оросын олон бүс нутагт олборлолтын фермийн тоо хоёр сарын дотор өсч, Краснодарын хязгаар хамгийн хурдан өсөлт үзүүлжээ.

Оросын хэмжээнд криптовалютын олборлолтын фермийн тоо долдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 30-ны хооронд 8 хувиар өссөн гэж МТС компани Ведомости сонинд мэдээлжээ. Майнингийг хэсэгчлэн хориглосон хэдий ч ийм өсөлт гарсан байна.
МТС компанийн эрчим хүчний хэрэглээг хянадаг Энержи Тул үйлчилгээний мэдээллээр, майнерын хамгийн их буюу 23 хувь нь Сибирийн холбооны тойрогт байна. Есдүгээр сарын эцэс гэхэд Сибирьт фермийн тоо 18 хувиар өсжээ.
Бүтээгдэхүүний удирдагч Алексей Барбетовын хэлснээр, эдгээр мэдээлэл эрчим хүч их зарцуулдаг хэрэглэгчид бүс нутгуудын хооронд хэрхэн шилжиж, орон нутгийн эрчим хүчний системд ямар ачаалал үүсгэж буйг хянах боломж олгодог.
“Бүхэл бүтэн салбар нэг сарын дотор нэг тойргоос нөгөө рүү нүүхэд сүлжээний компаниудад сорилт үүсдэг: зарим газар ачаалал буурч, зарим газар огцом өсдөг” гэж Барбетов тайлбарлажээ.
Өсөлтийн хурдаар Краснодарын хязгаар тэргүүлж, фермийн тоо 63 хувиар нэмэгдсэн.
Эрхүү мужид 27 хувь, Ханты-Мансийскийн автономит тойрогт 24 хувь, Красноярскийн хязгаарт 22 хувь, Воронеж мужид 21 хувийн өсөлт гарчээ.
Хакас, Липецк, Ярославль, Саратов, Кемерово мужуудад 12-17 хувийн мэдэгдэхүйц өсөлт гарсан бол Татарстан, Новосибирск муж, Ставрополийн хязгаар, Удмуртад 10-12 хувиар өсчээ.
Нижний Новгород, Ростов мужууд болон Санкт-Петербургт фермийн тоо 7-8 хувиар нэмэгдсэн. Москвад 11 хувь, Москва мужид 6 хувиар өссөн байна.



