Сири, Иорданы хил дахин нээгдэж, хоёр орон агаарын цохилтын хэргийг шалгана
Иорданы Ислам улс бүлэглэлийн нуувч гэж үзсэн байнууд руу өгсөн цохилтын улмаас өмнөд Сирид дор хаяж долоон хүн амь үрэгдсэний дараа хоёр орон аюулгүй байдлын хамтарсан хороо байгуулахаар тохиролцов.

Сири Иордантай хил залгаа боомтоо дахин нээж, хоёр орон өмнөд Сирид долоон хүний амь насыг авч одсон Иорданы агаарын цохилтын хэргийг шалгах болжээ. Энэ тухай Аль Жазира телевиз мэдээлэв. Сирийн төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Иорданы Сиритэй хил залгаа цорын ганц боомт болох Насиб лхагва гарагийн өглөө дахин нээгдэж, зорчигч болон ачааны ердийн хөдөлгөөн сэргэнэ.
Иорданы армийн мэдэгдсэнээр, баасан гарагт Иорданы Карак хотод Грекийн Ортодокс сүмд зэвсэгт этгээдүүд буудлага үйлдсэний хариуд даваа гарагт өмнөд Сири дэх Ислам улс бүлэглэлийн «нуувч» руу агаараас цохилт өгсний дараа боомтыг түр хаасан юм. Ислам улс бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээсэн. Иорданы цохилтын улмаас Дараа, Сувейда мужид нэг гэр бүлийн таван гишүүн, тэдний гурав нь хүүхэд, зэрэг дор хаяж долоон хүн амь үрэгдсэн бөгөөд Сирийн Онцгой байдал, гамшгийн менежментийн яамны багууд дөрвөн газар болсон халдлагад ажилласан байна.
Хоёр орны гадаад хэргийн сайд нар утсаар ярилцсаныхаа дараа гаргасан мэдэгдэлдээ цохилтын үр дагаврыг судлах аюулгүй байдлын хороо байгуулахаар тохиролцсоноо мэдэгджээ. Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади даваа гарагийн агаарын цохилт хээрийн тагнуулын мэдээлэлд үндэслэсэн бөгөөд Иорданы аюулгүй байдалд чиглэсэн батлагдсан аюул, ойртож буй террорист ажиллагааг саармагжуулах зорилготой байсан гэж хэлэв. Сафади Сирийн Гадаад хэргийн сайд Асаад аль-Шайбанитай ярихдаа энгийн иргэд амь үрэгдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Иордан Сирийн бүрэн эрхт байдал, тогтвортой байдлыг хүндэтгэдэг гэдгийг онцолсон байна.
Иордан цохилтыг Сирийн засгийн газартай зохицуулсан гэж мэдэгдсэн ч Дамаск үүнийг үгүйсгэжээ. Аюулгүй байдлын хороо халдлагыг шалгахаас гадна гэм зэмгүй энгийн иргэдийг хамгаалахын тулд террорист заналхийлэлтэй тэмцэх хээрийн болон тагнуулын зохицуулалтыг хөгжүүлэх юм. Сүмд гарсан буудлагын улмаас дор хаяж есөн хүн амь үрэгдэж, 34 хүн шархадсан бөгөөд Иорданы аюулгүй байдлын хүчнийхэн халдлагыг үйлдсэн гэх сэжгээр хоёр ах дүү болон тэдний хүргэн ахыг баривчилжээ.

