Дэлхийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бараг 3 сая хүн нас баржээ
Лансет сэтгүүлийн шинэ тайланд сэргээгдэх эрчим хүчний өсөлт хүлээлтээс давсан ч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн арга хэмжээ эрс хангалтгүй хэвээр байгааг анхааруулж, үүнийг дэлхийн эрүүл мэндийн онц байдал гэж зарлахыг уриалжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрүүл мэндийн эрсдэлийн тухай дэлхийн хамгийн сүүлийн судалгаагаар 2016-2023 оны хооронд 3 сая хүний үхэл дэлхийн дулаарлаас үүдэлтэй байжээ. Энэ тухай Эй Би Си Ньюс мэдээлэв. Лансет сэтгүүлийн тайланд 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш тодорхой ахиц гарсан ч халуунтай холбоотой нас баралт өссөөр байгаа бөгөөд дэлхий чулуужсан түлш шатаасаар байгаа тул уур амьсгалын арга хэмжээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлтэй хөл нийлүүлж чадахгүй байна гэжээ.
Туркт болох уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө нийтэлсэн энэ жилийн тайланд 2100 он гэхэд дулаарлыг 3.5 хэмээс 2.6 хэм хүртэл бууруулж болох гол зорилтуудад томоохон ахиц гарсныг тэмдэглэжээ. Тайланд сэргээгдэх эрчим хүчний өсөлт «хүлээлтээс эрс давсан» ч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн арга хэмжээ «эрс хангалтгүй» бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд аль хэдийн ихээхэн хохирол учруулсан гэжээ.
Тайлангийн зохиогчид хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс шууд шалтгаалсан халуунтай холбоотой нас баралтыг анх удаа тоогоор илэрхийлсэн байна. Тэдний тооцоогоор, 2016-2023 онд жил бүр хагас сая гаруй хүний үхэл халуунтай холбоотой байсан бөгөөд үүний 68 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс болжээ. Халуунтай холбоотой нас баралтын хамгийн өндөр хувь хөгжиж буй орнуудад ногдсон байна.
Тайлангийн хамтран зохиогч, Маккуори их сургуулийн уур амьсгал, эрүүл мэндийн мэргэжилтэн профессор Пол Беггсийн хэлснээр, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хүмүүс хамгийн их эрсдэлтэй ч хэн ч үүнээс ангид биш юм. Саяхан хэвлэгдсэн судалгаагаар, энэ жилийн зун Европ даяар хүчтэй халуун 50 мянга гаруй хүний амь насыг авч одсон бөгөөд эрдэмтэд эдгээр үхлийн гуравны хоёр орчмыг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбосон юм.
Сүүлийн 11 жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байж, халуун давалгаа, ган гачиг улам олширсон. Ган гачиг 2025 онд дэлхийн хуурай газрын 50 гаруй хувийг дор хаяж нэг сарын турш хамарсан бол хэт их хур тунадас ч нэмэгдэж, үер, хөрсний гулсалтын эрсдэл өсчээ. «Дэлхий даяар халуунд өртсөний улмаас 2025 онд 573 тэрбум ажлын цаг алдагдаж, 1.07 их наяд ам.долларын орлогын алдагдал гарсан» гэж тайланд дурджээ.
Тайлангийн зохиогчдын тооцоогоор, чулуужсан түлш дэлхийн эрчим хүчний 80 орчим хувийг хангасаар байгаа нь 2024 онд эрчим хүчтэй холбоотой ялгарлыг түүхэн дээд түвшинд хүргэжээ. Тэд чулуужсан түлшний ашиг сонирхлын лобби, ташаа мэдээллийг цэвэр эрчим хүчинд шилжихэд саад болж байна гэж үзэж, чулуужсан түлшний тэлэлтийг дэмжиж, Парисын хэлэлцээрээс гарсан АНУ-ыг онцгойлон дурджээ.
Харин тайланд сэргээгдэх эрчим хүчний өсөлт найдвар төрүүлж байгааг ч онцолсон. Цэвэр эрчим хүчинд шилжсэнээр агаарын чанар сайжирч, 2023 онд 2016 онтой харьцуулахад 400 мянган хүний үхлээс сэргийлсэн гэж зохиогчид тооцжээ. «Австрали энэ жил уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг даргалж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа чулуужсан түлшний ялгарлыг бууруулахад томоохон ахиц гарна гэж бид их найдаж байна» гэж профессор Беггс хэлэв.


