Суданы дүрвэгсдийн хуаранд хүмүүнлэгийн байдал улам доройтож байна
Цэнхэр Нил мужийн Аль-Карама 3 хуаранд дөрвөн сар хүнсний тусламж ирээгүй гэж хуарангийн удирдлага мэдэгдэв. Хуаранд олон өвчин гарч эхэлжээ.

Суданы Цэнхэр Нил мужийн Эль-Дамазин хот дахь Аль-Карама 3 хуаран дахь дүрвэгсэд болон албаныхан тус улсад дайн үргэлжилж буй энэ үед хуарангийн хүмүүнлэгийн нөхцөл байдал доройтож байна гэж мэдэгджээ. Энэ тухай Африканьюс сайт мэдээлэв.
«Хуаранд дөрвөн сарын турш ямар ч хүнсний тусламж ирээгүй» гэж хуарангийн менежер хэлжээ.
Хуаранд одоогоор 24 мянга орчим дүрвэгч амьдарч байгаа бөгөөд тэд хагас цэрэгжсэн Шуурхай дэмжлэгийн хүчин, Суданы армийн хоорондох хурцадмал байдал иргэний дайн болон хувирсан 2023 оноос хойш үргэлжилж буй тулалдаанаас дүрвэжээ.
Дайны улмаас хэдэн арван мянган хүн амиа алдаж, дор хаяж 11 сая хүн дүрвэсэн юм.
Хуарангийн албаныхан болон оршин суугчдын хэлснээр, тус улс мөргөлдөөн, ган гачиг, олон улсын тусламжийн танагдал зэрэг олон хүндрэлтэй зэрэг тулгарч байгаа тул хүмүүнлэгийн байдал улам дордож байна.
Хуаранд бие засах газар хангалтгүй тул хүмүүс задгай газар бие засахаас аргагүй болж, эрүүл ахуйн муу нөхцөл өвчин үүсгэж байгаа ч эрүүл мэндийн тусламж туйлын хязгаарлагдмал юм.
Хуарангийн менежер Бабикер Осман Ибрахимын хэлснээр, хуаранд хумхаа, шистосомоз зэрэг олон өвчин гарсан тул тэд албан ёсны эрх баригчид, хүмүүнлэгийн байгууллагуудыг яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.
Мягмар гарагт Барууны 30 гаруй орон Суданы дайтагч талуудыг хүмүүнлэгийн тусламжид учруулж буй саадыг арилгахыг яаралтай уриалж, Судан даяар дор хаяж таван сая хүн онц ноцтой түвшний өлсгөлөнтэй тулгарч байгааг анхааруулсан юм.



