Тайланд эрчим хүчний шилжилтэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чухалчилж байна
Тайланд нүүрстөрөгч барьж хадгалах төслүүдийг төрийн нефтийн компанитай хамтран хөгжүүлж байна.

Тайланд найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчний хангамжийг 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зэрэг уур амьсгалын амлалттайгаа тэнцвэржүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд найдаж байгааг Байгалийн нөөц, байгаль орчны сайдын зөвлөх Дарика Сарунягейт мэдэгджээ гэж Бангкок Пост сонин мэдээлжээ.
Дарика 10 дугаар сарын 27-нд Сингапурын олон улсын эрчим хүчний долоо хоногийн үеэр сонинд өгсөн ярилцлагадаа Тайланд импортын шингэрүүлсэн байгалийн хий, Мьянмараас дамжуулах хоолойгоор ирэх хийнээс хамааралтай тул эрчим хүчний хангамж нь геополитикийн хурцадмал байдал, бусад тасалдалд эмзэг байгааг онцолжээ.
Парисын хэлэлцээрийн дагуу Тайланд гурав дахь Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт олон улсын дэмжлэгтэйгээр 2035 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг 2019 оны түвшнээс 47 хувиар бууруулах зорилт тавьсан байна. Эдгээр амлалтыг Эрчим хүчний яамны боловсруулж буй 2026 оны Цахилгаан эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөнд тусгах юм.
«Тайландын хувьд шингэрүүлсэн байгалийн хий эрчим хүчний шилжилтийг дэмжиж чадах ч цэвэр эрчим хүч рүү шилжихийг хойшлуулаагүй» гэж Дарика форумд хэлжээ.
Яам ПТТ болон ПТТ Хайгуул, олборлолтын компанитай хамтран нүүрстөрөгч барьж хадгалах технологийн судалгаа хийж байна. Тайландын буланд орших Артхит хийн орд дээр хөгжүүлж буй төсөл жилд 1 сая тонн хүртэл нүүрсхүчлийн хий барьж хадгалах бөгөөд ПТТ Хайгуул, олборлолтын компани 2028 онд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж тооцоолж байна.
Дарика энэ сарын эхээр зарласан Дэлхийн банкны уур амьсгалтай холбоотой хоёр санаачилгад олгох 2.4 сая ам.долларын (80.94 сая бат) буцалтгүй тусламжийг онцолж, Сингапур, Шинэ Зеланд, Франц зэрэг оронтой эрчим хүчний хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Форумд оролцсон бодлого боловсруулагчид, салбарын удирдлагууд цахилгааны эрэлт өсөж, дотоодын хийн олборлолт буурч байгаа нь Азийн орнуудад шингэрүүлсэн байгалийн хийн импортын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг хэлэлцжээ. Японы Байгалийн нөөц, эрчим хүчний агентлагийн дэд комиссар Тамура Хидэясүгийн хэлснээр, Япон тогтвортой, боломжийн үнэтэй хийн нийлүүлэлт олохоор Аргентин зэрэг Африк, Өмнөд Америкийн орнуудтай ярилцсан юм.
