Трампын засаг захиргаа 300 мянга гаруй визийг хүчингүй болгожээ
Төрийн департамент визийг хүчингүй болгосон ихэнх тохиолдол гэмт хэрэг, аюулгүй байдал, цагаачлалын зөрчилтэй холбоотой гэж тайлбарлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 300 мянга гаруй визийг хүчингүй болгосон бөгөөд ихэнх нь виз эзэмших эрхээ алдсан хүмүүс байсан гэж Төрийн департамент мэдэгдсэн тухай Хиндустан Таймс сонин мэдээлжээ.
Төрийн департаментын нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд хүчингүй болгосон визийн дийлэнх нь гэмт үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдлын асуудал, цагаачлалын зөрчил, залилан эсвэл худал мэдээлэл өгсөнтэй холбоотой гэжээ.
Засаг захиргаа Трамп 2025 оны нэгдүгээр сард хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойш 300 мянга гаруй визийг хүчингүй болгосноо өмнө нь мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд визийн ангилал, иргэншил, шалтгаанаар нь задалсан мэдээлэл, мөн оюутан, түр ажилчин, жуулчдын хэдэн визийг цуцалсан талаар дурдаагүй байна.
Төрийн департамент наймдугаар сарын 10 гэхэд 175 мянга гаруй визийг цуцалсан гэж мэдээлж байсан бөгөөд аравдугаар сарын 20-нд зарласан шинэ тоо дараагийн долоо хоногуудад нийт тоо мэдэгдэхүйц өссөнийг харуулж байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт Трампын засаг захиргаа өмнөх аль ч засаг захиргаанаас илүү олон визийг илүү хурдан цуцалсан гэж мэдэгдсэн байна. Энэ нь гадаадын иргэдийг шалгах ажлыг чангатгасан цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.

