Узбекистаны Синдаров дэлхийн аваргын төлөөх тоглолтын өмнөх сүүлчийн тэмцээндээ түрүүлжээ
Синдаров, Гукеш хоёрын тоглолт шатрын түүхэн дэх оролцогчдынхоо насаар хамгийн залуу дэлхийн аваргын төлөөх тоглолт болно.

Узбекистаны их мастер Жавохир Синдаров аравдугаар сарын 27−29-нд АНУ-ын Сент-Луис хотод болсон хурдан шатрын тэмцээнд түрүүлсэн гэж Узбекистаны Газета сайт мэдээлжээ.
Гурван өдрийн тэмцээний дүнгээр 20 настай Синдаров 20.5 оноо авч, Энэтхэгийн Рамешбабу Прагнанандха (19 оноо), Америкийн Фабиано Каруана (16.5), Хикару Накамура (12) нарыг гүйцэж түрүүлсэн байна. Түүний шагнал, урамшууллын нийт орлого 168 мянган ам.доллар болжээ.
«Мэдээж би баяртай байна. Дэлхийн аваргын төлөөх тоглолтын өмнөх энэ тэмцээн миний хувьд маш их утга учиртай» гэж Синдаров хэлжээ.
Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр гурван ялалт байгуулж, гурван тэнцээ хийснээр тэргүүлж байсан Прагнанандхаас 2.5 оноогоор хоцорч байсныг нөхсөн юм. Ялангуяа Накамуратай хийсэн тоглолтдоо хар өнгөөр тоглож, Энэтхэгийн хааны хамгаалалтыг ашиглан өрсөлдөгчийнхөө хаан руу довтлохдоо тэмээ, хоёр удаа тэргээ золиосолжээ.
Дэлхийн аварга Доммараджу Гукеш 2025 онд энэ тэмцээнд сүүлийн байр эзэлж байсан бол Синдаров 2026 онд түрүүлсэн ч тэрбээр энэ үр дүнг удахгүй болох тоглолтын урьдчилсан таамаг гэж үзэхгүй байгаагаа хэлсэн байна.
Синдаров, Гукеш хоёрын дэлхийн аваргын төлөөх тоглолт Швейцарийн Женев хотод арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 12-ны хооронд болох бөгөөд эхний өрөг арваннэгдүгээр сарын 24-нд болно. Тоглолт сонгодог хугацаатай 14 хүртэлх өрөгтэй бөгөөд хугацаанаас өмнө ялахын тулд 7.5 оноо авах шаардлагатай. Шагналын сан 2.5 сая ам.доллараас доошгүй юм.
Синдаров 2026 онд Кипрт болсон нэр дэвшигчдийн тэмцээнд 14 өрөгт 10 оноо авч түрүүлснээр дэлхийн аваргатай тоглох эрх авсан бол Гукеш 2024 оны арванхоёрдугаар сард Хятадын Дин Лижэнийг ялж дэлхийн аварга болсон юм.


