Турк, Ливийн далайн хилийн хэлэлцээрээс болж Грек ЕХ-ноос дэмжлэг хүсэхээр болжээ
Афин уг хэлэлцээрийг Грек, Киприйг холбох цахилгааны кабелийн төслийг хаахад ашиглаж болзошгүй гэж эмээж байна.

Турк, Ливийн хооронд байгуулсан маргаантай далайн хилийн хэлэлцээр Грекийг уурлуулж, ЕХ-ны дургүйцлийг төрүүлжээ. Энэ асуудал Баасан гарагт болох ЕХ-ны удирдагчдын уулзалтад ч нөлөөлж болзошгүйг Политико сайтын Европ дахь хэвлэл мэдээлэв.
Нэрээ нууцлахыг хүссэн Афины өндөр албан тушаалтны хэлснээр Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис хиймэл оюун, Украины асуудалд чиглэх Дублины албан бус уулзалтаар энэ асуудлыг хөндөх аж.
Хэлэлцээрт Грек, Киприйн хооронд Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог, Афин өөрийн онцгой эдийн засгийн бүс гэж үздэг хэсгийг Турк, Ливи өөрсдийн гэж тодорхойлжээ.
«Аливаа хурцадмал байдал үүсвэл Грек Европын холбооноос хориг арга хэмжээ, дэмжлэг хүсэх болно» гэж Грекийн Гадаад хэргийн сайд Йоргос Герапетритис өнгөрсөн долоо хоногт орон нутгийн телевизэд хэлсэн байна.
Турк 2019 онд Триполи дахь Ливийн засгийн газартай хэлэлцээр байгуулсан бөгөөд Ливийн зүүн хэсгийн эрх баригчид 10 дугаар сарын 20-нд санал нэгтэй соёрхон баталжээ. Европын комисс, зөвлөлийн тэргүүнүүд мөн өдөр хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн юм.
Турк ЕХ-г Грек, Киприйн бодит байдлаас тасархай байр суурийг баримталж байна гэж буруутгасан бол Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр улсын хамтын хүсэл зоригийг хүндэтгэхийг шаардсан байна.
ЕХ-ны тайланд Турк Грек, Киприйг холбох цахилгааны төслийг саатуулж байгааг тэмдэглэсэн бөгөөд Мягмар гарагт Францын нэгэн хөлөг онгоц төслийн ажлыг эхлүүлэхээр Гераклион боомтоос хөдөлжээ.



