Узбекистан 2027 оноос хөвөнг бүхэлд нь машинаар хураахаар төлөвлөжээ
Машин нэвтрэх боломжгүй жижиг талбайд хөвөнгийн оронд хүнсний ногоо тариална.

Узбекистанд 2027 оноос хөвөнг зөвхөн машинаар хураахаар төлөвлөж байгааг Хөдөө аж ахуйн сайд Иброхим Абдурахмонов арваннэгдүгээр сарын 6-ны хэвлэлийн бага хурал дээр мэдэгдснийг Газета.уз сайт мэдээлжээ.
Сайдын хэлснээр, 2026 онд тус улс 5 сая гаруй тонн түүхий хөвөн ургуулж, үүний 75-80 хувийг техникээр хураажээ. Сырдарья, Жиззах мужид хураалт бүрэн механикжсан байна.
Энэ улиралд 3000 орчим хөвөн хураах машин ажиллажээ. Тэдний тал буюу 1500 нь энэ онд худалдаж авсан машин юм.
«Бидний стратегийн гол зорилт бол гараар хөвөн түүхээс бүрэн татгалзах явдал юм» гэж Абдурахмонов хэлсэн байна.
Энэ улиралд гар хөдөлмөрийн эзлэх хувь 20-23 орчим байсан бөгөөд голчлон том техник нэвтэрч чадахгүй жижиг талбай, цэцэрлэгийн хоорондох хөвөнгийн талбайд ашиглагджээ. Ийм талбайн нийт хэмжээ 53 мянга орчим гектар. Тэдгээрийг аажмаар хүнсний ногоо, бусад хүнсний ургамалд шилжүүлнэ.
Сайд энэ жил яамнаас иргэдийг албадан хөвөн түүлгэх үүрэг өгөөгүй гэдгийг онцолсон юм.
Узбекистаны эрх баригчид сүүлийн 13 жилд хөвөн хураалтыг механикжуулах төлөвлөгөөгөө олон удаа зарлаж байсан. 2013 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев 2016 он гэхэд механикжуулалтыг 80-90 хувьд хүргэнэ гэж мэдэгдэж байжээ.
Олон улсын Коттон Кампейн эвсэл албадан хөдөлмөрийг системтэйгээр ашигласны улмаас 2011 оноос тогтоосон Узбекистаны хөвөнгийн бойкотыг 2021 онд цуцалсан байна.



