Дэлхий

Узбекистан Арал тэнгисийг аврах сангийн даргалах хугацаандаа 3.3 тэрбум долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Усны нөөцийн удирдлага, экологи, ундны усны хангамжийг сайжруулах төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэх юм.

Газета.uzGazeta1 мин унших

Зураг: Газета.uz

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Арал тэнгисийг аврах олон улсын санд тус улс даргалах хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг сонссоныг Газета.уз сайт мэдээлжээ.

Төв Азийн орнууд 1993 онд байгуулсан тус сан Арал тэнгисийн сав газрын усны нөөцийг уялдуулан удирдах үүрэгтэй. Узбекистан 2027-2029 онд санг даргалах юм.

Энэ хугацаанд усны нөөц, экологи, нийгэм-эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 133 төсөл боловсруулжээ. Үүнд усны байгууламжийг шинэчлэх, усны хуваарилалт, хэмжилтийн автомат систем нэвтрүүлэх, үер, ганг урьдчилан мэдээлэх бүс нутгийн дижитал платформ байгуулах зэрэг ажил багтжээ.

Төслүүдийн нийт өртөг 3.3 тэрбум доллар бөгөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сан зэрэг олон улсын байгууллагууд санхүүжүүлэх аж.

Ерөнхийлөгч ирэх оны ажлын сар бүрийн төлөвлөгөөг батлахыг даалгаж, төслүүдэд гадаад дахь эх орон нэгтнүүдийг оролцуулан олон улсын шинжээч, эрдэмтдийг татан оролцуулахыг үүрэг болгосон байна.

Даргалах хугацааны тэргүүлэх чиглэлд сангийн бүтэц, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Афганистантай бүтээлч харилцааг бэхжүүлэх асуудал багтжээ.

Мөн Амударья, Сырдарья мөрний сав газрын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, Төв Азийн орнууд болон Афганистанд зориулсан усны аж ахуйн бакалавр, магистрын хөтөлбөр нээх юм.

Бусад мэдээ