Узбекистан дроныг иргэний зорилгоор өргөнөөр ашиглахаар төлөвлөж байна
Узбекистанд 2015 оноос дрон импортлох, ашиглахад хязгаарлалт тогтоосон байна.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нисгэгчгүй системийг иргэний зорилгоор өргөнөөр ашиглах саналтай 11 дүгээр сарын 4-нд танилцжээ гэж Газета.уз сайт мэдээлэв.
Дроныг тариа хянах, хөдөө аж ахуйн талбай боловсруулах, үйлдвэрлэл, дэд бүтцийг шалгах, хотын замын хөдөлгөөнийг ажиглахад ашиглахаар санал болгосон байна.
Танилцуулгын тооцоогоор дэлхийн зах зээл жилд 10-15 хувиар өсч байгаа аж.
Мирзиёев хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих санал бэлтгэхийг даалгажээ. Шинэ хичээлийн жилээс Тээврийн их сургуульд мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж байна.
2022 оны журмаар компаниуд дрон авах, ашиглахад Сайд нарын кабинетын зөвшөөрөл авах ёстой юм. 2024 онд хуулийг зөөлрүүлж, анхны зөрчилд эрүүгийн ялын оронд торгууль ногдуулдаг болсон.
Дүрмийг өөрчлөх тодорхой хугацаа, нислэгийн бүс, хувь хүмүүсийн ашиглах нөхцөлийг одоогоор зарлаагүй байна.

