Узбекистаны Бухарт нефть химийн кластерт 420 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байна
Ерөнхийлөгч Мирзиёев 11 дүгээр сарын 3-нд үйлдвэртэй танилцжээ.

Узбекистаны Бухар мужийн Техноким нефть химийн кластерт 2024-2028 онд 420 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ гэж Газета.уз сайт мэдээлэв.
Үүнээс 200 сая ам.доллар буюу 48 хувийг нь зарцуулаад байна.
Санхүүжилтийн 300 сая ам.доллар нь Узбекистан, Канадын үүсгэн байгуулагчдын хөрөнгө, 120 сая ам.доллар нь банкны зээл юм. Зээлдүүлэгчдийн дунд Исламын хөгжлийн банк байгаа аж.
Өргөтгөл дуусахад түүхий эд боловсруулалт жилд 260 мянгаас 660 мянган тонн болж, байнгын ажлын байр 500-аас 1,200 болж нэмэгдэх юм.
Жилийн бүтээгдэхүүн 2.5 их наяд сумаас 6.2 их наяд сум, төсөвт төлөх татвар 215 тэрбумаас 575 тэрбум сум болж өснө гэж үйлдвэр тооцжээ.
Кластер жилд 200 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 330 сая ам.долларын импортыг орлуулахаар төлөвлөж байна. Гол зах зээл нь Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Афганистан, ЕХ-ны орнууд аж.
Мирзиёев кластерын өргөтгөлийг дэмжиж, нэмэлт газар олгох, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Хамтарсан компани 2023 оны 7 дугаар сарын 11-нд бүртгэгдсэн юм.



