Узбекистаны Төв банк бодлогын хүүгээ 14 хувьд хэвээр үлдээв
Инфляци зорилтод хүрвэл хүү 2029 он хүртэл 10 хувиас доош буурч мэднэ.

Узбекистаны Төв банк 11 дүгээр сарын 4-нд бодлогын хүүгээ 14 хувьд хадгалахаар шийджээ гэж Газета.уз сайт мэдээлэв.
«Бодлогын хүүг 14 хувьд хадгалах асуудал удирдах зөвлөлийн гишүүдийн олон санал авсан» гэж Төв банкны дэд дарга Нодирбек Ачилов хэлсэн байна.
Зөвлөл хүүг 13.5 хувь болгох хувилбарыг мөн хэлэлцсэн юм. 9 дүгээр сард иргэдийн инфляцийн хүлээлт 8.7 хувь, бизнесийнх 9.2 хувь болж буурч, суурь инфляци 5.5 хувьд тогтворжсон аж.
Гэвч жилийн инфляци 8 дугаар сард 6.2 хувь байснаа 9 дүгээр сард 6.4 хувь болж хурдассан байна. Хүнс, шатахууны үнэ өсөж, үйлчилгээний инфляци 7 хувьд хүрчээ.
Инфляци 5 хувийн зорилтдоо хүрч, хүлээлт буурвал 2027-2029 онд хүүг 10 хувиас доош бууруулах боломж гарна гэж Ачилов тайлбарласан байна. Гэхдээ энэ нь урьдчилан тогтоосон хуваарь биш аж.
Төв банкны үндсэн тооцоогоор инфляци 2027 оны хоёрдугаар хагаст 5 хувьд ойртож, 2028-2029 онд энэ түвшинд тогтворжих юм.
Банк одоогийн 12-16 хувийн хүүгийн коридорыг мөн нарийсгах боломжийг судалж байна. Бодлогын хүү 2025 оны 3 дугаар сард 13.5 хувиас өссөнөөс хойш 14 хувьд байгаа юм.



