Вьетнамын хамгийн том Лонг Тхань нисэх онгоцны буудал руу гарах хурдны замыг 12 хүртэл эгнээтэй болгон өргөтгөж байна
Шинэ нисэх буудлыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хо Ши Мин хот, Лонг Тхань чиглэлийн хурдны замыг өргөтгөх төслийн гүйцэтгэл ажил эхэлснээс хойш жил гаруйн дотор 81 орчим хувьд хүрч, ихэнх хэсгийг энэ онд дуусгахаар эцсийн шатандаа орлоо.
VnExpress сайтын мэдээлснээр, 2025 оны наймдугаар сард эхэлсэн 22 орчим км урт төсөл Хо Ши Мин хот дахь 2 дугаар тойрог замын уулзвараас Донг Най муж дахь Биен Хоа-Вунг Тау хурдны зам хүртэл үргэлжлэх аж. Ашиглалтад орсны дараа Хо Ши Мин хотын төв болон Лонг Тхань нисэх буудлын хоорондын холбоо сайжрах төлөвтэй.
Биен Хоа-Вунг Тау хурдны замын уулзварт гүйцэтгэгчид замын суурийг нягтруулах ажлыг үндсэндээ дуусгаж, 10-12 эгнээ болгон өргөтгөж буй хэсэгт асфальт хийхэд бэлтгэж байна. Одоогийн хурдны замтай зэрэгцэн баригдаж буй 300 орчим метр гүүрэн гарцын ихэнх дам нурууг байрлуулжээ. Гүүрэн гарцыг энэ оны эцэс гэхэд дуусгах төлөвтэй.
Донг Най голын дээгүүр одоо байгаа гүүрний хажууд Лонг Тхань 2 гүүрний тулгуурууд баригджээ. Гүүрний үндсэн хэсгүүдийг энэ оны эцэст холбож, 2027 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Хо Ши Мин хотод ч ажил зэрэгцэн явагдаж байгаа бөгөөд Лонг Чыонг хороог дайрах хэсгийг хоёр талаас нь 10 эгнээ болгон өргөтгөж байна. 3 дугаар тойрог замтай уулзварт гүйцэтгэгчид ихэнх тулгуур дээр дам нуруу суурилуулжээ. 3 дугаар тойрог зам болон хурдны замын өргөтгөл дуусмагц хотын зүүн хаалганы гол уулзвар болох энэ уулзвар хотын төв рүү орох тээврийн хэрэгслийн тоог бууруулна.
Лонг Тхань нь 5000 га талбайтай буюу талбайгаараа Вьетнамын хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. Уг буудал Донг Най мужид, Хо Ши Мин хотоос 40 орчим км зайд байрладаг. Эхний шат нь 1810 га талбайг хамарч, жилд 25 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Дөрвөн хөөрөх буух зурвас, дөрвөн терминалыг бүрэн барьж дуусгасны дараа буудал 100 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болно.
/file/attachments/orphans/Vince-Matlalacrossexamination1_643185.jpg)
/file/attachments/orphans/Tony-Timba4_140810.jpg)
/file/attachments/orphans/Lunga-GPmetros-Negotiations_377550.jpg)