Визийн залилан хийсэн гэх филиппинчүүдийг Филиппин, АНЭУ хамтран мөрдөж байна
Хоёр филиппин иргэн гадаадад ажиллаж буй 400 орчим нутаг нэгтнээсээ визийн зуучлалын нэрээр 3.6 сая дирхам залилсан гэх мэдээллийг Rappler өмнө нь нийтэлжээ.

Чөлөөт виз авахаар хүсэлт гаргасан нутаг нэгтнүүдээ хохироосон гэх филиппинчүүдийг мөрдөхөөр Филиппиний Цагаач ажилчдын яам (DMW) Арабын Нэгдсэн Эмират улсын Хүний нөөц, эмиратжуулалтын яамтай (MOHRE) хамтран ажиллаж байна.
“Бид залилагчдыг мөрдөж, визийн залилангийн хохирогчдыг хамгаалах, цагаач ажилчдыг хохироодог хүмүүсийг олж илрүүлэх асуудлаар хүлээн авагч улсын засгийн газартай уялдаа холбоотой ажиллаж байна” гэж DMW-ийн сайд Ханс Лео Какдак арваннэгдүгээр сарын 7-нд Дубай дахь филиппин ажилчдад хэлжээ.
Какдак Serbisyo Caravan аян болон гэрийн үйлчлэгчдэд зориулсан Зул сарын баярын арга хэмжээнд оролцохоор арваннэгдүгээр сарын 8 хүртэл Дубайд байсан юм. Энэ аянаар төрийн байгууллагууд гадаадад ажиллаж буй филиппинчүүдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг.
Дубайд арав гаруй жил ажилласан нэрт контент бүтээгч Жуни Сорсано болон Райан Ронел Бако гэх хоёр филиппин иргэн гадаадад ажиллаж буй 400 орчим филиппин ажилчнаас визийн зуучлалын нэрээр 3.6 сая дирхам залилсан гэж буруутгагдаж байгааг Rappler өмнө нь мэдээлж байсан.
Хохирогчдын дийлэнх нь гэрийн үйлчлэгч, асрагч, жижиглэн худалдааны ажилтнууд бөгөөд тэд бие даан ажиллах чөлөөт виз авахыг хүсэж байжээ.
Какдак энэ асуудлыг MOHRE-ийн тэргүүн Абдулрахман Абдулманнан аль-Авартай уулзахдаа хөндсөнөө хэлэв. Энэ онд аль-Авартай дөрөв дэх удаагаа уулзаж байгаагаа тэрбээр дурджээ. “Одоо бидний хамтын ажиллагаа илүү бэхжсэн” гэж Какдак хэлсэн байна.
“Хэрэв визийн залилан хийсэн гэх этгээдүүд АНЭУ-аас аль хэдийн зугтаж, Филиппинд нуугдаж байгаа бол бид Хууль зүйн яам, сайд Фреддерик Видатай ярилцаж, тэдэнд ямар хэрэг үүсгэж болохыг тодорхойлно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хохирогчид Цагаач ажилчдын албаны (MWO) хууль зүйн үйлчилгээ, тусламжийн санг ашиглах боломжтой гэдгийг сайд онцолж, залилангаас сэргийлэхийн тулд тус албанд хандахыг уриалжээ.
Какдак мөн DataFlow Group компанитай гэрээ байгуулж, DREAM системийг туршихаар болжээ. Энэ системээр АНЭУ-ын ажил олгогчид, зуучлах агентлагууд бичиг баримтаа илгээж, хураамжаа цахимаар төлөх боломжтой болно. DREAM систем нь MWO Дубайн хөдөлмөрийн гэрээ шалгах цахим системийг нөхөх бөгөөд уг системээр 2025 оны долдугаар сараас хойш 100 мянга гаруй гэрээ баталгаажуулжээ.
Абу Дабийн яриа хэлэлцээг 2027 онд Филиппин даргалахаар болсон. Манилад болох энэ уулзалтын талаар ч Какдак ярилцжээ. Яриа хэлэлцээний 2026–2027 оны 9 дэх удаагийн хуралдаан хиймэл оюун ухаан, дижитал шилжилтэд анхаарна.
/file/attachments/orphans/OCN-pools-closing7_316616.jpg)
/file/attachments/orphans/BM-Ed-Citrus-exports1_920767.jpg)

