Дэлхий

Японд өдөр тутмын сонины гэрийн захиалга анх удаа 50 хувиас доош буужээ

Уншигчид цөөрч байгаа ч итгэл үнэмшлийн үнэлгээгээр сонин хоёрдугаарт орсон байна.

Nippon.com1 мин унших

Зураг: Nippon.com

Японы хэвлэлийн судалгааны хүрээлэнгийн 2026 оны зуны судалгаагаар өдөр тутмын сонины сар бүрийн гэрийн захиалгатай хүмүүсийн эзлэх хувь анх удаа 50 хувиас доош буурч, 49.8 хувьд хүрснийг Ниппон.ком сайт мэдээлжээ.

Энэ үзүүлэлт өмнөх оноос 0.3 пунктээр буурсан бөгөөд судалгаа эхэлсэн 2008 оны 88.6 хувиас 18 жилд бараг 40 пунктээр унасан байна.

Насны бүлгээр авч үзвэл, 70 ба түүнээс дээш насныхны 70 гаруй хувь сонин захиалдаг бол 20-иод, 40-өөд насныхны 30 орчим, 30-аад насныхны ердөө 20 хувь захиалдаг.

Чухал мэдээг хаанаас авдаг вэ гэсэн асуултад оролцогчдын 70.4 хувь арилжааны телевиз, 64.9 хувь интернэт, 53.2 хувь Эн Эйч Кей телевиз гэж хариулсан бол сонин ердөө 34.3 хувьтай байв.

Сонин захиалдаггүй хүмүүсийн 73.7 хувь нь телевиз, интернэт зэрэг бусад эх сурвалж хангалттай гэж хариулжээ.

Гэсэн хэдий ч уламжлалт хэвлэл мэдээлэлд итгэх итгэл өндөр хэвээр байна. 100 онооны итгэлийн шатлалаар Эн Эйч Кей телевиз 66.1 оноогоор тэргүүлж, сонин 64.6 оноогоор хоёрдугаарт орсон бол интернэт, сэтгүүл 50 оноонд хүрээгүй.

Судалгааг долдугаар сараас наймдугаар сард оршин суугчдын бүртгэлээс санамсаргүйгээр сонгосон 5000 хүний дунд явуулж, 2676 хариулт авсан юм.

Бусад мэдээ