Японы дунд сургуулийн сурагчдын 40 гаруй хувь гадаадын иргэд нэмэгдэхийг сөргөөр үзэх болжээ
Дүрэм журмыг хатуу мөрдөх ёстой гэж үздэг сурагчид гадаадын иргэдийн өсөлтийг илүү сөргөөр үзэх хандлагатай байна.

Японы дунд сургуулийн сурагчдын 40 гаруй хувь нь 2025 онд гадаадын оршин суугчид нэмэгдэхийг сөргөөр үзсэн нь гурван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөнийг бямба гарагт нийтлэгдсэн судалгаа харуулсныг Кёдо агентлаг мэдээлжээ.
Токиогийн их сургуулийн социологийн профессор Норихиро Нихэй 2012 оноос хойш Токиогийн нийслэл бүсийн 10 улсын дунд сургуулийн 2000 орчим сурагчийг хамруулсан судалгааны дүнд шинжилгээ хийсэн байна.
Японд амьдарч буй гадаадын иргэд нэмэгдэх нь олон ашиг тус авчирна гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн хариулт 2022 онд нийт 22.2 хувь байсан бол 2025 онд 41.5 хувь болж өсжээ.
Гэсэн хэдий ч сурагчдын 90 гаруй хувь нь өөр үзэлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч чадна гэж хариулж, либерал хандлагатай байгаагаа харуулсан юм.
2025 оны судалгааг долдугаар сарын Дээд танхимын сонгуулийн дараа буюу аравдугаар сараас арваннэгдүгээр сард явуулжээ. Тэр сонгуульд гадаадын иргэдийн асуудал гол сэдвүүдийн нэг болж, Японыг нэгдүгээрт тавих бодлого дэвшүүлсэн хэт консерватив Сансэйто намын суудал огцом нэмэгдсэн.
Нихэйн хэлснээр, энэ үр дүн залуучууд зүгээр л илүү консерватив болж байна гэсэн үг биш бөгөөд кампанит ажлын үеэр гадаадын иргэдийг нийгэмд аюул учруулж буй мэтээр харуулсан яриа хурдан тархсан нь хүчтэй нөлөөлсөн байж магадгүй.
Ерөнхий сайд Санаэ Такаичийн засгийн газар хууль бус үйлдлийг таслан зогсоохын зэрэгцээ япон болон гадаадын иргэд хамтран амьдрах дэг журамтай нийгэм бий болгохыг зорьж байна.



