Японы 15 компани баруун Японд 2028 онд агаарын такси нэвтрүүлэхээр хүчээ нэгтгэжээ
Агаарын таксины өргөн хэрэглээнд хөөрч буух талбайн хомсдол гол саад болж байна.

МУФГ банк болон Японы олон салбарын томоохон компаниуд баруун Японд агаарын такси арилжааны үндсэн дээр нэвтрүүлэх, тогтвортой бизнес загвар, шаардлагатай дэд бүтэц, аялал жуулчлалаар дамжуулан эрэлт бий болгох арга замыг судлахаар хүчээ нэгтгэснийг Кёдо агентлаг мэдээлжээ.
Осака, Киото мужуудыг багтаасан Кансай бүсэд чиглэсэн үйлчилгээнд Японы СкайДрайв гарааны компанийн нисэх зурвасгүйгээр босоо хөөрч буудаг жижиг нисэх хэрэгслийг ашиглана. Оролцогч компаниуд 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж буй үйлчилгээг ажиллуулах хамтарсан компани байгуулж магадгүй юм.
Засгийн газар гуравдугаар сард шинэчилсэн замын зурагтаа шинэ үеийн агаарын хөдөлгөөний арилжааны үйлчилгээ 2027-2028 оны хооронд эхэлнэ гэж тооцсон байна.
Айчи мужийн Тоёота хотод төвтэй СкайДрайв компани өнгөрсөн жил Осакагийн Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр нисгэгч, хоёр хүртэлх зорчигч тээвэрлэх батерейгаар ажилладаг олон сэнстэй нисэх хэрэгслээрээ арав гаруй удаа үзүүлэх нислэг хийжээ.
«Осака-Кансай үзэсгэлэнгийн дараа нисдэг машинууд үзүүлэх нислэг, технологийн хөгжлөөс нийгэмд нэвтрүүлэх шинэ үе шат руу шилжиж байна» гэж МУФГ банк 15 компанийн хамтарсан санаачилгыг зарласан мэдэгдэлдээ дурдсан байна.
Бусад оролцогчдын дунд Сэншү Икэда банк, Токио Марин энд Ничидо Файр даатгалын компани, Мицубиши ЭйчСи Капитал түрээсийн компани байгаа бол үлдсэн компаниудыг нэрлээгүй. Компаниуд тогтмол уулзаж, хөөрөх буух талбай, цэнэглэх дэд бүтэц, үнийн асуудлыг хэлэлцэн, ирэх зун хамтарсан компани байгуулах эсэхээ шийднэ.
Японы томоохон агаарын тээврийн компаниуд ч бусад компанийн бүтээсэн ижил төстэй нисэх хэрэгслээр арилжааны үйлчилгээ эхлүүлэхээр бэлтгэж байна.
Жапан Эйрлайнс, Сумитомо корпорацийн хамтарсан Соракл компани АНУ-ын Арчер Эйвиэйшн компанийн нисэх хэрэгслээр 2028 оны санхүүгийн жил буюу түүнээс хойш үйл ажиллагаа эхлүүлэхээр зорьж байгаа бол ЭйЭнЭй Холдингс Тоёота Моторын дэмжлэгтэй АНУ-ын Жоби Эйвиэйшн компанитай хамтарчээ.



