Японд сүнстэй гэгдэх байрнууд хямд үнээр түрээслэгчдийг татаж байна
Японд амиа хорлолт, аллага болсон түрээсийн байрны тухай мэдээллийг гурван жил мэдэгдэх ёстой.

Токиод амьдардаг Рюа түрээсийн байраа анх үзэхэд тэнд нэгэн эрэгтэй зогсоод түүн рүү ширтэж байсан ч үл хөдлөх хөрөнгийн зуучлагч түүнийг хараагүй тул тэр хүнийг сүнс гэж итгэжээ гэж Би Би Си-гийн хятад хэлний алба мэдээлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр тэнд нүүж орж, дөрвөн жилийн дараа ч одоог хүртэл амьдарсаар байна.
Японд ёүрэй буюу хүчирхийлэл, эмгэнэлт явдлын улмаас нас барсан хүмүүсийн тайван бус сүнсний тухай итгэл түгээмэл бөгөөд хэрэв тэд гэртээ нас барсан бол сүнс нь тэндээс явдаггүй гэж үздэг. Ийм байрыг жико буккэн буюу ослын байр гэж нэрлэдэг.
Засгийн газрын 2021 онд гаргасан удирдамжийн дагуу Японы үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид амиа хорлолт, аллага, галд нас барсан болон цогцос удаан хугацаанд олдоогүй тохиолдлыг мэдэгдэх үүрэгтэй. Түрээсийн байранд энэ мэдээллийг гурван жил, худалдах байранд хугацаагүй мэдэгдэнэ.
Рюаг байранд нь нэг эрэгтэй амиа хорлосон гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Сэтагая дүүргийн 25 ам метр байрны түрээсийг бараг 30 хувиар хямдруулжээ. Тэрбээр сард 62 мянган иенийн оронд 45 мянган иен төлдөг гэнэ.
«Хамгийн муу нь байранд амиа хорлолт болсон тохиолдол» гэж Токиогийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Эрик Оскамп хэлжээ. Түүний хэлснээр, япончууд онцгой мухар сүсэгтэй тул ийм байрнаас ихэд зайлсхийдэг бөгөөд оршуулгын газрын хажуух байр ч түрээслэхэд хэцүү байдаг.
Японд 40 шахам жил аялалын хөтчөөр ажилласан 79 настай америк Диан Тинчер Кагосима мужид ганцаараа нас барсан өндөр настай эмэгтэйн гурван өрөө байшинг ойролцоох ижил төстэй байшингууд 45 сая иен хүрдэг байхад 20 сая иенээр худалдан авчээ.
«Би сүнсэнд итгэдэггүй, гэхдээ япончууд маш мухар сүсэгтэй гэдгийг мэднэ» гэж Тинчер хэлжээ.
Ослын байрны жагсаалтыг гаргадаг Ошималэнд цахим хуудас 2005 онд Токиогоор эхэлж, дараа нь Япон даяар, 2011 онд олон улсад өргөжжээ. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ, амьжиргааны өртөг өссөнөөр 2025 оны нэгэн судалгаагаар, хямд бол ослын байр түрээслэхэд бэлэн япончууд талаас илүү хувь болжээ.



