Дэлхий

Японы их сургууль умай шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл хүсэв

Төлөвлөсний дагуу хийгдвэл Японд анхны умай шилжүүлэн суулгах тохиолдол болох ч эрүүл эрхтнийг амьд донороос авах ёс зүйн асуудал хөндөгдөж байна.

Kyodo NewsKYODO NEWS2 мин унших

Зураг: Kyodo News

Японы Фүжита эрүүл мэндийн их сургууль умайгүй эмэгтэйчүүдийг жирэмсэлж, хүүхэд төрүүлэх боломжтой болгох зорилгоор умай шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл хүсч байгаагаа лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Кёдо агентлаг мэдээлэв.

Айчи мужид байрладаг тус их сургууль даваа гарагт дотоод хяналтын зөвлөлдөө санал ирүүлсэн бөгөөд төлөвлөсний дагуу хийгдвэл Японд анхны тохиолдол болох юм. «Бид судалгааг ирэх жил эхлүүлэхийг хүсч байна» гэж тус их сургуулийн профессор Иори Кису хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Туршилтад үтрээ, умай дутуу хөгжсөн эсвэл огт байхгүй болдог Майер-Рокитанский-Кюстер-Хаузерийн хам шинж зэрэг эмгэгтэй гурав орчим өвчтөн хамрагдах юм.

Төлөвлөгөөний дагуу судлаачид донороос авсан умайг өвчтөнд шилжүүлэн суулгаж, хамтрагчийнх нь эр бэлгийн эсээр үр тогтоосон өвчтөний өндгөн эсийг шилжүүлэн суулгасан умайд байршуулж жирэмслүүлнэ. Донорууд нь өвчтөний эх зэрэг эмэгтэй төрөл төрөгсөд байх төлөвтэй. Уг арга эмгэг эсвэл төрөлхийн шалтгаанаар умайгүй эмэгтэйчүүдэд шинэ найдвар өгч болох ч амь аврахаас өөр зорилгоор эрхтэн шилжүүлэх, амьд донороос эрүүл эрхтэн авах шаардлагатай зэрэг ёс зүйн асуудал дагуулж байна.

Энэ алхам их сургууль 6 дугаар сард умай шилжүүлэн суулгах асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулсны дараа хийгдэж байна. Японы Анагаах ухааны нийгэмлэгүүдийн холбоо 2021 оны 7 дугаар сард цөөн тохиолдолд эмнэлзүйн туршилтын зорилгоор умай шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн тайлан гаргасан юм.

Ажлын хэсгийн мэдээлснээр, умай шилжүүлэн суулгасны дараах дэлхийн анхны амжилттай төрөлт 2014 онд Шведэд бүртгэгдсэн бөгөөд гадаадад 150 гаруй ийм мэс засал хийгдэж, 80 гаруй хүүхэд төржээ. Японд Токиогийн Кейо их сургууль ч мөн хүсэлт гаргаж, 2025 онд зөвшөөрөл авсан ч хараахан хийгээгүй байна.

Бусад мэдээ