Японы Ерөнхий сайд Такаичи Филиппинд “Азийн IEA” байгуулахыг санал болгоно
Япон дотоддоо ашиглагдахгүй байгаа газрын тосны савнуудаа гишүүн орнуудад нөөцийн байгууламж болгон төлбөртэй ашиглуулахыг санал болгоно.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Филиппиний Манила хотод 17-нд болох Азийн тэг ялгаруулалтын хамтын нийгэмлэгийн (AZEC) дээд хэмжээний уулзалтад хямралын үед газрын тосыг харилцан худалдан авах хамтын ажиллагааг бэхжүүлэх механизм болох “Азийн IEA” буюу Олон улсын эрчим хүчний агентлагийн Азийн хувилбарыг байгуулахыг санал болгохоор шийджээ.
Албан ёсоор “Азийн газрын тосны аюулгүй байдлын ажлын хэсэг” гэж нэрлэх энэ байгууллагад AZEC-ийн гишүүн орнууд оролцох төлөвтэй. Газрын тосны зах зээл, нөөцийн талаарх мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна зах зээлийг тогтворжуулах зорилгоор мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ. Мөн онцгой байдлын үед газрын тосны нөөцийг гаргах, гишүүн орнууд газрын тосоо бие биедээ нийлүүлэх зэрэг дүрэм боловсруулахаар төлөвлөж байна.
Япон уулзалтад “нөөц ашиглах эрхийн тасалбар” гэх тогтолцоо санал болгоно. Энэ тогтолцооны дагуу Япон дотоддоо ашиглагдахгүй байгаа газрын тосны нөөцийн савнуудаа хадгалах байгууламж болгон төлбөртэй ашиглуулна. Харин гишүүн орнууд онцгой байдлын үед газрын тос худалдан авах давуу эрх эдэлнэ. Ингэснээр орнууд нөөцийн байгууламж барих зардал, цагаа хэмнэх бол Япон сул савнуудынхаа засвар үйлчилгээ, ашиглалтаас орлого олох юм.
Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцдаж, эрчим хүчний эрэлт нийлүүлэлт хурцадмал болж буй энэ үед Японы засгийн газар 2026 оны 4 дүгээр сарын 15-нд нийт ойролцоогоор 10 тэрбум ам.долларын (ойролцоогоор 1.5 их наяд иен) бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн хамтын ажиллагааны тогтолцоог албан ёсоор эхлүүлсэн юм.
Энэ нь Такаичигийн 4 дүгээр сарын 15-нд AZEC+-ийн цахим дээд хэмжээний уулзалтад зарласан, Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас үүдсэн эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлтэй тэмцэж, Азийн бүс нутгийн эрчим хүч, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний тэсвэрт чанарыг дэмжих зорилготой Power Asia түншлэл юм. Энэ удаагийн санаачилга нь түүний хоёр дахь шат болно.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) газрын тосны анхны хямралын үеэр, 1974 онд байгуулагдсан. Уг агентлаг нь гишүүн орнууд иргэдээ найдвартай, хямд, цэвэр эрчим хүчээр хангахад туслах зорилготой зөвлөх байгууллага юм. Нэрэндээ “олон улсын” гэсэн үгтэй ч гишүүд нь зөвхөн барууны орнууд бөгөөд төв байр нь Францын Парис хотын 15 дугаар дүүрэгт байрладаг.
IEA гишүүн орнууддаа 90 хоногийн хэрэглээтэй тэнцэх газрын тосны нөөц хадгалахыг шаарддаг. Ойрхи Дорнодын нөхцөл байдал муудсаны улмаас энэ оны 3 дугаар сард гишүүн орнууд түүхэн дэх хамгийн том хэмжээний газрын тосны нөөцийг хамтран гаргасан байна.
IEA байгуулагдсан цагаас хойш Япон түүний гишүүн байсаар ирсэн. Тус улс газрын тосны нөөц хомс, нийлүүлэлт тогтворгүй болох эрсдэлтэй Азийн бүс нутагт эрчим хүчний худалдан авалтын тусгай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Азийн хувилбарыг санаачилж байна.
Нарийн бичгийн дарга нарын газрыг Японы санхүүжүүлдэг Зүүн Ази, АСЕАН-ы эдийн засгийн судалгааны төв (ERIA) хариуцна. Такаичи AZEC-ийн дээд хэмжээний уулзалтад IEA-ийн Токио дахь шинэ салбар байгуулахыг мөн зарлах төлөвтэй. Энэ салбар Азийн хувилбарын ажилд оролцож, түүний үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ.