ЕХ-ны таван орны удирдагчид Их Британитай цахилгааны гэрээг яаралтай байгуулахыг уриалжээ
Их Британийг ЕХ-ны цахилгааны нэгдсэн зах зээлд эргүүлэн оруулах нь Хойд тэнгисийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нээж, үнийг бууруулна гэж дэмжигчид үзэж байна.

Герман, Нидерланд, Дани, Бельги, Люксембургийн удирдагчид Их Британийг ЕХ-ны цахилгааны нэгдсэн зах зээлд эргүүлэн оруулах гэрээг яаралтай байгуулахыг Брюссельд уриалсныг Политико сайтын Европ дахь хэвлэл мэдээлжээ.
Германы Канцлер Фридрих Мерц, Нидерландын Ерөнхий сайд Роб Еттен нарын гарын үсэгтэй захидлыг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта нарт хүргүүлсэн байна.
«Гэрээ Европын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, цэвэр, боломжийн үнэтэй эрчим хүчинд тулгуурласан өрсөлдөхүйц эдийн засагт хувь нэмэр оруулна» гэж захидалд дурджээ.
Брюссель, Лондон хоёр өнгөрсөн онд хэлэлцээ эхлүүлэхээр тохирсон ч ахиц удаан байгаа тул 11 дүгээр сарын 20-нд болох дээд хэмжээний уулзалтаар дуусгах боломжгүй аж. Хэд хэдэн орон хэлэлцээг 2027 оны эцэс гэхэд дуусгахыг Европын Комиссоос хүсч байгааг ЕХ-ны нэгэн дипломат хэлсэн.
ЕХ-ны зүгээс Их Британи зах зээлд оролцохын тулд ЕХ-ны нэгдлийн санд хувь нэмэр оруулах ёстой гэж шаардаж байгаа нь Лондонгийн хувьд улс төрийн хувьд хүнд асуудал юм.
Их Британийн эрчим хүчний салбарын төлөөллийн байгууллагын тооцоолсноор зах зээлээс гадуур байх нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эрчим хүчний өндөр төлбөр, төсвийн орлогын бууралтаар арван тэрбум фунт стерлинг хүртэлх нэмэлт зардал учруулна.
Хэдийгээр цахилгааны хэлэлцээ амжихгүй ч талууд 11 дүгээр сарын 20-ны уулзалтаар залуучуудын шилжилт хөдөлгөөн, утааны квотын арилжаа, хөдөө аж ахуй-хүнсний дүрмийн нийцлийн тухай өөр гурван гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.



