Еховагийн гэрчүүдийн 123 үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын өмчид шилжүүлэв
Москвагийн Кузьминскийн дүүргийн шүүх шашны байгууллагын гадаадын найман салбартай холбоотой хэлцлийг хүчингүй болгож, кадастрын үнэ нь 400 сая рубльдээс давсан хөрөнгийг улсын орлогод шилжүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид Орост хориглогдсон хэт даврагч байгууллага гэж тооцогддог Еховагийн гэрчүүдийн 123 үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын өмчид шилжүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлснээ ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны алба мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Албаны хэвлэлийн товчооны мэдээлснээр, шийдвэр гүйцэтгэгчид Еховагийн гэрчүүдтэй холбоотой гадаадын найман байгууллагын талаарх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд 123 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх ОХУ-д шилжжээ.
7 дугаар сард нэгэн эх сурвалж Москвагийн Кузьминскийн дүүргийн шүүхийн шийдвэрээр улсын орлогод шилжүүлсэн хөрөнгийн кадастрын үнэ 400 сая рубльдээс давсан гэж Интерфакс агентлагт хэлж байсан юм.
Шүүх нь АНУ, Австри, Дани, Испани, Португал, Нидерланд, Финланд, Шведийн оршин суугчдад 123 үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн 60 гэрээг хүчингүй болгосон. Тэдгээрт нийт талбай нь 11 мянган хавтгай дөрвөлжин метрээс илүү 63 орон сууц, арилжааны үл хөдлөх хөрөнгө, нийт 5.6 га талбайтай 60 газар багтсан бөгөөд бүгдийг ОХУ-ын орлогод шилжүүлжээ. Хураан авсан хөрөнгө Москва, Ленинград, Свердловск, Иркутск зэрэг олон муж, Краснодар, Ставрополь хязгаар, Хакас, Саха зэрэг бүгд найрамдах улсад байрлаж байв.
Шүүхийн тогтоосноор, эдгээр хэлцлийн нөхцөлийн дагуу шилжүүлсэн хөрөнгийг Еховагийн гэрчүүдийн ашиг сонирхолд ашиглах ёстой байжээ.
2017 оны 4 дүгээр сарын 20-нд ОХУ-ын Дээд шүүх Хууль зүйн яамны нэхэмжлэлээр Оросын Еховагийн гэрчүүдийг хэт даврагч байгууллага гэж тооцож, үйл ажиллагааг нь хориглосон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 17-нд Дээд шүүхийн давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хууль ёсны гэж үзсэн юм.

