Европ дарангуйлагчид таалагдахыг оролдох ёсгүй гэж Эстонийн Ерөнхий сайд анхааруулав
Эстонийн удирдагч Путинтэй шууд харилцах суваг нээх санааг эсэргүүцэж, хориг арга хэмжээгээр шахалт үзүүлсээр байхыг уриалж байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Европ дипломат суваг нээх ёсгүй гэж Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал анхааруулсныг Политико сайтын Европ дахь хэвлэл түүнтэй хийсэн ярилцлагадаа үндэслэн мэдээлжээ.
«Европ зуучлагчийн байр сууринд байх ёсгүй» гэж Михал хэлсэн байна.
Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар 10 дугаар сарын сүүлээр Путинтэй 90 минут утсаар ярьсны дараа Европ Кремльтэй шууд харилцах шугамтай байх эсэх маргаан дахин сэдэвлэгдсэн юм.
Оростой хиллэдэг 1.3 сая хүн амтай Эстонийн удирдагч хориг арга хэмжээгээр Оросыг эдийн засгийн хувьд боомилох Европын төлөвлөгөө үр дүнгээ өгч байна гэж үзжээ. Түүний хэлснээр зуучлагч болно гэдэг нь Орост тавих шаардлагыг бууруулахад бэлэн гэсэн үг аж.
«Путин Европыг хүчтэй, нэгдмэл, нэг дуу хоолойтой гэдгийг ойлгох ёстой» гэж Михал нэмжээ.
Оросын иргэд, тэр дундаа Украинд тулалдаж байсан цэргүүдэд виз олгох журмыг чангатгахыг Эстони улс Польш, Шведийн хамт санаачилж, Оросын армийн экс цэргүүдийг ЕХ-нд нэвтрүүлэхийг бүрэн хориглохыг санал болгосон байна.
Европын Комисс ирэх онд энэ талаар санал гаргахаар төлөвлөж буйг ЕХ-ны албан тушаалтнууд өнгөрсөн сард мэдэгдсэн юм.



