Запорожийн атомын цахилгаан станцын ажилтан дроны халдлагад амь үрэгджээ
Олон улсын атомын энергийн агентлаг станцын ажилтнууд руу хийж буй халдлагыг даруй зогсоохыг шаардаж байна.

Оросын эзлэн авсан Украины Запорожийн атомын цахилгаан станцын ажилтан даваа гарагт дроны халдлагад амь үрэгдсэнийг Олон улсын атомын энергийн агентлаг мэдэгдсэн гэж Москоу Таймс сайт мэдээлжээ.
Агентлагийн мэдээлснээр ойролцоох Запорожийн дулааны цахилгаан станцын нэг ажилтан ч мөн өдөр дроны халдлагад амиа алджээ.
Агентлаг 10 дугаар сарын сүүлээр ч станцын засварын цехийн гагнуурчин дроны халдлагад амь үрэгдсэнийг мэдээлж байжээ.
«Цөмийн станцын ажилтнууд руу хийх ийм бүх халдлагыг даруй зогсоох ёстой» гэж агентлаг мэдэгдсэн бөгөөд Ерөнхий захирал Рафаэль Гросси аюултай цохилтуудыг эрс буруушаажээ.
Европын хамгийн том цөмийн байгууламж болох Запорожийн станцыг Оросын цэрэг 2022 оны 3 дугаар сард бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлсний дараахан эзэлсэн юм.
Орос, Украин хоёр фронтын шугамын ойролцоо Днепр мөрний эрэгт байрлах станц руу дайрсан гэж бие биеэ байнга буруутгадаг. Агентлагийн багууд 2022 оны 9 дүгээр сараас станцад байнга ажиллаж байгаа бөгөөд зургаан реактор нь 2022 оноос хойш зогссон байна.



