Зеленский газар нутгийн асуудлыг Путинтэй биечлэн уулзаж хэлэлцэхэд бэлэн гэдгээ уламжилжээ
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Зеленский, Путин хоёрын уулзалт л хэлэлцээнд шинэ чанар авчирч чадна гэж үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд газар нутгийн асуудлыг биечлэн уулзаж хэлэлцэхэд бэлэн гэдгээ уламжилжээ. Энэ тухай Медуза сайт Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибигагийн Финландын нэгэн сонинд өгсөн ярилцлагыг иш татан мэдээлэв.
Зеленскийн байр суурийг Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере нар аравдугаар сарын 27-нд болсон утасны ярианы үеэр Путинд уламжилсан байна.
Сибигагийн хэлснээр Европын талын санаачилгаар болсон уг яриаг Киевтэй зөвшилцсөн бөгөөд гол зорилго нь Украины захиасыг уламжлах явдал байжээ. Удирдагчдын биечилсэн уулзалтын саналаас гадна Украин гал зогсоох шаардлагатай гэдгийг мэдэгдсэн аж.
«Бид энэ уулзалтыг хүсч байгаа бөгөөд бэлэн байна. Магадгүй зөвхөн Зеленский, Путин хоёрын уулзалт л хэлэлцээнд шинэ чанар авчирч чадна. Зеленский хамгийн хэцүү, эмзэг асуудлууд, тэр дундаа газар нутгийн асуудлыг хэлэлцэхэд бэлэн» гэж Сибига хэлжээ.
Стуббын тамгын газар өмнө нь энэ ярианы зорилго нь Абу-Дабид болох энхийн хэлэлцээний талаарх Украины байр суурийг Ерөнхийлөгч Путинд шууд уламжлах явдал байсан гэж мэдэгдсэн юм. Энэ нь 2025 оны долдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцсанаас хойш Путины Украиныг дэмждэг Европын удирдагчидтай хийсэн анхны холбоо байв.

