Айова мужийн шинэ захирагч Роб Сэнд Прадагийн загвар өмсөгч байсан нь олны анхаарлыг татжээ
Сэнд их сургуулийн төлбөрөө төлөхийн тулд Милан, Парисын загварын тайзнаар алхаж байжээ.

АНУ-ын Айова мужид 20 жилийн дотор анх удаа Ардчилсан намаас захирагчаар сонгогдсон 44 настай Роб Сэнд урьд нь Прада брэндийн загварын тайзнаар алхаж, Италийн Вог сэтгүүлд гарч байсан нь олны анхаарлыг татжээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд ялсны дараа түүний 2000-аад оны эхээр загвар өмсөгч байхдаа авахуулсан зургууд цахим сүлжээнд дахин тархжээ. Сэнд анхаарлаас зугтахын оронд олон нийтийн сүлжээнд хошигнон хариулсан байна.
“Прадагийн загвар өмсөгч байхдаа авахуулсан зургууд маань тарж байгааг мэдээд сэтгэл дундуур байна, учир нь Италийн Вогийн энэ зураг хамаагүй дээр” гэж тэрбээр бичээд, өмнөх зургаасаа хуваалцжээ.
Вог сэтгүүлийн мэдээлснээр, 1982 онд төрсөн Сэнд Браун их сургуульд улс төрийн шинжлэх ухаан сурч байхдаа сургалтын төлбөрөө төлөхийн тулд загвар өмсөгчөөр ажиллаж, Милан, Парисын хооронд зорчиж байжээ. Тэрбээр 2002 онд Миланд танилцуулсан Прадагийн 2003 оны хаврын эрэгтэй хувцасны цуглуулгад оролцож, 2004 онд гэрэл зурагчин Стивен Мейзелийн авсан Италийн Вогийн нийтлэлд гарсан байна.
Сэнд дараа нь загварын салбарыг орхиж, хуульч болсон юм. Тэрбээр Айовад прокуророор ажиллаж, төрийн албан дахь авлигын хэргийг шалгаж байжээ. 2018 онд мужийн аудитороор сонгогдож, 2 удаа ажилласны дараа энэ сард захирагчийн сонгуульд ялсан юм.
Түүний сонгуулийн штаб онлайн анхаарлыг хандив цуглуулах боломж болгон ашиглаж, “Миний загвар өмсөгч захирагч” гэсэн уриатай бараа санал болгож байна.



