Анхны “Евровидение Ази” тэмцээнд Филиппиний дуучин түрүүлэв
Тэмцээнд 11 орны төлөөлөгч өрсөлдсөн бөгөөд Кармель шүүгчдийн болон үзэгчдийн санал хураалтын аль алинд нь тэргүүлжээ.

Филиппиний 19 настай дуучин Кармель (Carmelle Collado) 11 дүгээр сарын 14-нд Бангкокт болсон анхны “Евровидение Ази” (Eurovision Song Contest Asia) дууны тэмцээний шигшээд түрүүлснийг The Guardian мэдээлэв. Тэрбээр Sobra-Sobra дуугаараа 211 оноо авч, Тайланд, Вьетнамын төлөөлөгчдийг ардаа орхижээ.
Кармель үндэсний шүүгчдээс 93 оноо, үзэгчдийн саналаас 118 оноо авч, хоёр ангилалд аль алинд нь нэгдүгээр байр эзэлжээ. Хоёрдугаар байрыг Тайландын Mang x Daou хос Aroma дуугаараа (170 оноо), гуравдугаар байрыг Вьетнамын дуучин Tóc Tiên Em Tiên дуугаараа (164 оноо) эзэлсэн байна.
Тэмцээнд 11 орны төлөөлөгч оролцож, шигшээ тоглолт One Bangkok Forum талбайд болов. Sobra-Sobra дуу поп, рэпийг хослуулсан бөгөөд аранжировкод нь Филиппиний уламжлалт кубинг, кулинтанг хөгжмийн зэмсгийг ашигласан. Дууг тагалог, англи хэлээр дуулдаг.
Ялалтынхаа дараа Кармель дуу нь эмэгтэйчүүдийн хүч чадалд зориулагдсан бөгөөд “Филиппиний бүх эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлсэн” бүтээл гэж хэлжээ. Тэрбээр телевизийн хөгжмийн тэмцээнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд “Дуу хоолой. Хүүхдүүд” шоуны Филиппин хувилбарт хоёрдугаар байр эзэлж, Tawag ng Tanghalan тэмцээнд түрүүлж байжээ.
Ялагч мөнгөн шагнал авдаггүй ч цом, мөн 2027 онд Болгарын Бургас хотод болох “Евровидение” тэмцээнд тоглох эрх авчээ. Жижиг орнуудад дэд бүтэц хүрэлцэхгүй байж болзошгүй тул дараагийн тэмцээнийг зохион байгуулах эрх ялагч улсад автоматаар шилжихгүй гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
5 дугаар сард болсон 70 дахь ойн “Евровидение-2026” тэмцээнд Болгар анх удаа түрүүлсэн юм. Дуучин Дара Bangaranga дуугаараа 516 оноо авсан бөгөөд Азийн тэмцээний ялагчид цомыг тэрбээр гардуулжээ.
Израилийг “Евровидение-2026”-д оролцуулсны улмаас Испани, Нидерланд, Ирланд, Исланд, Словени оролцохоос татгалзсан нь тэмцээний 70 жилийн түүхэн дэх хамгийн том бойкот болсон. “Евровидение-2026”-ийн шигшээ 5 дугаар сарын 16-нд Вена хотын “Винер Штадтхалле” цэнгэлдэхэд болж, нийт 25 орон шигшээд оролцсон байна.



