Казахстан тахианы өндөг импортлохыг хоёр сарын хугацаагаар хориглов

Казахстан тахианы өндөг импортлохыг, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) гишүүн орнуудаас оруулахыг хоёр сарын хугацаагаар хориглосон тушаалд тус улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров гарын үсэг зуржээ. 11 дүгээр сарын 12-ны өдрийн уг тушаал эрх зүйн актын цахим хуудсанд нийтлэгдсэнийг Интерфакс агентлаг 11 дүгээр сарын 16-нд мэдээлэв.
“Тахианы шинэ өндгийг (Евразийн эдийн засгийн холбооны гадаад эдийн засгийн үйл ажиллагааны барааны нэршлийн код: 040721) тээврийн бүх төрлөөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нутаг дэвсгэрт, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас оруулахыг хоёр сарын хугацаагаар хориглосугай” гэж тушаалд заажээ.
Казахстаны нутгаар дамжин өнгөрөх болон экспортын гаалийн журамд хамрагдах тахианы өндөг, мөн тушаал хүчин төгөлдөр болохоос өмнө улсад бодитоор оруулсан өндгийг бараа дагалдах падаанаа ирүүлсэн тохиолдолд хоригт хамруулахгүй.
Казахстан 2026 оны 4 дүгээр сард ч тахианы өндөг импортлохыг 2026 оны 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаагаар хориглож байсан юм.
Одоогоор Казахстанд 70 шувууны аж ахуй ажиллаж байгаагийн 34 нь өндөгний, 29 нь махны, 7 нь үржлийн чиглэлийнх юм. 2025 онд тус улсад хүнсний тахианы өндөгний үйлдвэрлэл 2.4 хувиар өсөж, 4.57 тэрбум ширхэгт хүрсэн. Өөрийн үйлдвэрлэл дотоодын зах зээлийн хэрэгцээний 98 хувийг хангаж байна.



