Украины цохилтын улмаас Крымын гүүрээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлав
Крымын тэргүүн Сергей Аксенов халдлагын үр дагаврыг арилгахад шаардлагатай бүх албыг татан оролцуулсныг мэдэгджээ.

Украины арми Крымын гүүр рүү цохилт өгсөн бөгөөд тээврийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 16-ны үд дунд хүртэл хязгаарлах төлөвтэй байна гэж Крымын тэргүүн Сергей Аксенов мэдэгдлээ. Хөдөлгөөнийг хаасан тухай мэдээлэл Крымын гүүр рүү чиглэсэн авто замын нөхцөл байдал, үзлэгт бэлтгэх талаар мэдээлдэг албан ёсны Telegram сувагт Москвагийн цагаар 02:22-т гарчээ.
Аксеновын хэлснээр халдлагын үр дагаврыг арилгахад шаардлагатай бүх албыг татан оролцуулжээ. Керчь хотод шуурхай штаб ажиллаж байна.
“Гранд Сервис Экспресс” компанийн мэдээлснээр Крымын гүүр түр хаагдсанаас Крым руу явж буй “Таврия” брэндийн дөрвөн галт тэрэг замдаа саатжээ. Москвагийн цагаар 09:00-ийн байдлаар 11 дүгээр сарын 14-нд хөдөлсөн “Санкт-Петербург – Керчь” 4.5 цаг, “Москва – Керчь” 3.5 цаг хоцорч байна. 11 дүгээр сарын 15-нд хөдөлсөн “Москва – Керчь” 2 цаг, “Адлер – Керчь” 4.5 цаг хоцорч байна.
Оросын талын мэдээлснээр, 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө агаарын довтолгооноос хамгаалах хүчин Оросын 17 бүс нутгийн дээгүүр Украины 1336 нисгэгчгүй онгоц устгажээ. Тверь, Белгород, Брянск, Курск, Калуга, Тула, Рязань, Орёл, Воронеж, Владимир, Смоленск, Нижний Новгород, Ростов мужуудын дээгүүр нисгэгчгүй онгоцуудыг устгасан бөгөөд Москва орчмын бүс нутаг, Краснодар хязгаар, Крым, Азовын тэнгис, Хар тэнгисийн дээгүүр ч халдлагыг няцаажээ.



