ДЭМБ-ын төлөөлөгч: Дэлхий шинэ тахалд нэгэн зэрэг бэлэн ч, бэлэн биш ч байна
ДЭМБ-ын төлөөлөгчийн үзэж байгаагаар эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт буурах эрсдэл бий.

Дэлхий болзошгүй шинэ тахалд нэгэн зэрэг бэлэн ч, бэлэн биш ч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ОХУ дахь төлөөлөгч Батыр Бердыклычев “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Түүний хэлснээр КОВИД-19 цар тахал улс орнуудад ноцтой сургамж болж, эрүүл мэндийн тогтолцоо, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд түлхэц өгсөн байна. Энэ ажлын үр дүнгийн нэг нь өнгөрсөн жил ДЭМБ-ын тахлын тухай хэлэлцээрийг баталсан явдал юм. Одоо улс орнууд эмгэг төрүүлэгчийн дээжийг ашиглах, үр ашгийг хуваалцах тогтолцооны талаар тохиролцсоор байна. Түүнчлэн шинэчилсэн Олон улсын эрүүл мэндийн дүрэм хүчин төгөлдөр болжээ.
Тахалтай тэмцэх сан 1.2 тэрбум ам.доллараас дээш буцалтгүй тусламж олгож, бараг 100 оронд 11 тэрбум ам.доллараас илүү нэмэлт санхүүжилт татахад тусалжээ.
Бердыклычев мөн эпидемиологийн тандалтын технологи хөгжиж байгааг онцлов. Тухайлбал, ДЭМБ-ын тахал, дэгдэлтийн шуурхай мэдээллийн төв болзошгүй аюулыг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглаж байна.
Геномын тандалтын сүлжээ, эмгэг төрүүлэгч солилцох систем, технологи дамжуулах хөтөлбөрүүд өргөжиж байна.
Үүний зэрэгцээ төрийн зарлагыг дахин хуваарилж байгаагаас эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэйг тус байгууллагын төлөөлөгч онцолжээ. Түүний үзэж байгаагаар аль ч улс дэлхийн хэмжээний дэгдэлтээс дангаараа сэргийлж ч, үр дагаврыг нь үр дүнтэй даван туулж ч чадахгүй тул тахалд бэлтгэх нь тэргүүлэх чиглэл хэвээр байх ёстой.
2023 оны 5 дугаар сард ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус КОВИД-19-ийг олон улсын хэмжээний онцгой байдал гэж цаашид тооцохгүй гэж мэдэгдсэн. Энэ статусыг 2020 оны 1 дүгээр сарын 30-нд тогтоосон бөгөөд нэг сар хагас хүрэхгүй хугацааны дараа ДЭМБ шинэ коронавирусын цар тахал эхэлснийг зарласан юм.
Коронавирусын халдварын (SARS-CoV-2) дэгдэлт 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн. Хэдхэн сарын дотор вирус дэлхий даяар тархаж, улс орнуудыг янз бүрийн хязгаарлалт тогтоож, вакцин боловсруулж эхлэхэд хүргэсэн.



