АНУ-д дөрвөн цаг үргэлжилсэн нислэгийн тасалдлыг хуучин зэс кабелийг шилэн кабелиар сольсон ажил үүсгэжээ
Тээврийн сайд Шон Даффигийн “ердийн” гэж тодорхойлсон энэ ажил агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн холбоонд гинжин доголдол үүсгэжээ.
Хуучин зэс кабелийг шилэн кабелиар сольсон ажил АНУ даяар нислэгийг зогсоох шийдвэр гаргахад хүргэсэн нь түүхэн дэх хамгийн томоохон тасалдлын нэг болжээ. Энэ ажил агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн холбоонд гинжин доголдол үүсгэсэн байна.
Гүйцэтгэгч компани арваннэгдүгээр сарын 13-нд хуучирсан аналог зэс утсыг илүү орчин үеийн шилэн кабелиар сольж байсныг АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи сурвалжлагчдад ярьжээ. Түүний хэлснээр, энэхүү “ердийн” ажлыг маш алслагдсан, жижиг байгууламжид хийж байсан тул Холбооны иргэний нисэхийн газрын (FAA) албан тушаалтнууд агаарын хөдөлгөөнд мэдэгдэхүйц саад гарна гэж төсөөлөөгүй байна.
Гэвч зэс кабелиас шилэн кабельд шилжих ажил системийг даахгүй их хэмжээний өгөгдлөөр хэт ачаалж эхэлснээр холбоонд гинжин доголдол үүсчээ. Улмаар албан тушаалтнууд нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ.
Wall Street Journal сонины тодруулснаар системийг хэт ачаалсан хүсэлтүүд Арканзас, Техас мужид байрлах хоёр зангилаанаас дамжиж байжээ. Арканзас дахь байгууламжид өмнө нь шинэ чиглүүлэгч суурилуулсан бөгөөд яг тэр төхөөрөмж асар их хэмжээний өгөгдөл дамжуулж эхэлсэн байна.
“Одоо бид мэргэжлийн бус ажил буюу L3Harris-ийн талын хэрэглэгч эсвэл суурилуулагчийн алдаа байсан уу, эсвэл тэд гэмтэлтэй чиглүүлэгч суурилуулсан уу гэдгийг тодруулахыг хичээж байна. Доголдлын эх үүсвэрийг бид хараахан тогтоогоогүй байна” гэж Даффи сурвалжлагчдад хэлжээ.
Ихэвчлэн зэс утсыг шилэн кабелиар солих ажлыг шөнийн цагаар хийдэг. Нисэхийн албаныхан өдрийн цагаар шинэчлэл хийх нь нислэгт нөлөөлөх ёсгүй гэж үзэж байжээ. Шон Даффи тасалдлын дараа яам ийм ажлын хуваарийг эргэн хянана гэж мэдэгдсэн байна.



