АНУ давтан цус харвалтын эрсдэлийг бууруулах, цус бүлэгнүүлэх хүчин зүйлийг онилсон шинэ эм баталжээ
Эмийг саяхан цус харвасан хүмүүст ялтасны эсрэг эмчилгээтэй хослуулан хэрэглэх бөгөөд цус алдах эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлээгүй аж.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа арваннэгдүгээр сарын 9-нд тодорхой бүлгийн хүмүүст цус харвалтын эрсдэлийг бууруулах шинэ төрлийн эмийг баталлаа.
Sunharbo нэрээр худалдаалагдах асундексиан бол цус бүлэгнэх үйл явцад оролцож, цус харвалтад нөлөөлдөг тодорхой хүчин зүйлийг онилдог, өдөр бүр уудаг анхны эм юм. Bayer компанийн Хүнс, эмийн захиргаанд өгсөн судалгаагаар эмийг аспирин зэрэг ялтас эсрэг эмчилгээтэй хослуулахад жил гаруйн дотор давтан цус харвах эрсдэл плацебо болон ялтас эсрэг эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад 26 хувиар буурчээ.
Эмийг саяхан тархины судас бөглөрснөөс үүдэлтэй цус харвалт, эсвэл тархины цусны урсгал түр хаагдаж, байнгын гэмтэл үлдээгүй хүмүүст хэрэглэхээр зөвшөөрчээ.
“Мэдээлэл маш найдвартай бөгөөд олон улсын цус харвалтын нийгэмлэгийн хариу эерэг байна. Өвчтөнүүдэд аль болох хурдан хэрэглэхийг хүсэж байна” гэж судалгааг хамтран удирдсан Макмастерын их сургуулийн анагаахын профессор Ашкан Шоаманеш хэлэв.
АНУ-д цус харвалтын 87 орчим хувь нь судас бөглөрснөөс үүдэлтэй байдаг. Тус улсад жил бүр 795 мянга орчим хүн цус харвадаг бөгөөд дөрвөн тохиолдол тутмын нэг шахам нь өмнө нь цус харвалтад өртөж байсан хүнд тохиолддог.
Судас бөглөрснөөс үүдэлтэй цус харвалтыг эмчлэхэд бөглөрлийг уусгах хэрээр, гэхдээ хэт их цус алдалт үүсгэхгүй хэмжээгээр цус шингэлэх эм хэрэглэх шаардлагатай. Bayer-ийн мэдээллээр асундексиан цус алдалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэлгүйгээр давтан цус харвах эрсдэлийг 26 хувиар бууруулжээ. “Бид үргэлж хэцүү тэнцвэр барьдаг байсан. Харин энэ удаа цус алдах эрсдэлгүйгээр томоохон ач тус гарч байгаад бид маш их баяртай байна” гэж Шоаманеш хэлжээ.
Генетикийн хувьд цус харвах эрсдэл багатай хүмүүсийн цусанд бүлэгнэлтэд оролцдог тодорхой нэгдлийн түвшин бага байдгийг эрдэмтэд олон жилийн өмнөөс мэдэж байсан. Энэ ажиглалтыг эм болгоход арав гаруй жил шаардагдсан гэж Bayer-ийн эмнэлгийн ахлах захирал Кристоф Кёнен хэлэв.
Нас, дэлхийн аль бүс нутгийнх болох, эрүүл мэндийн түүх, цус харвалтын төрлөөс үл хамааран бүх өвчтөн эмчилгээнээс адилхан ашиг хүртсэн бололтой нь судлаачдыг хамгийн ихээр гайхшруулсан гэж Шоаманеш онцолжээ.
Асундексиан арваннэгдүгээр сараас худалдаанд гарна. Өвчтөнүүд энэ эмийг насан туршдаа өдөр бүр уух шаардлагатай байх төлөвтэй гэж Шоаманеш үзэж байна. “Судалгааны үр дүнгээс харахад энэ нь насан туршийн эм байх бөгөөд эмчилгээний шинэ стандарт болно гэж бид хүлээж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


